Ерөнхий сайд Бурхан халдунд саатжээ
4 минутын өмнө
Ерөнхий сайд 20 гаруй хүний хамт бууж ирээгүй гэв

Ерөнхий сайд Н.Алтанхуяг дөрөвдүгээр сарын 6 буюу хагас сайн өдөр Засгийн газрын хуралдаанаа дуусгаад Бурхан Халдун ууланд гарахаар нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй явсан байна. Бүтэн сайндаа багтаад ирэх зорилготой гарсан аяллын багийнхнаас 20 орчим хүн өнөөг хүртэл товлосон газраа ирээгүй сураггүй болсон гэнэ. Тэдний дунд Ерөнхий сайд хамт яваа гэнэ. Тиймээс урьд шөнө үүрийн 04 цагийн үед эрлийн нисдэг тэргийг Бурхан Халдун руу илгээжээ. Энэ талаар ОБЕГ болон Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахыг хүсэн ч хариу өгөх хүн олдсонгүй. Онцгойгийнхны зүгээс эрлийн баг гаргасныг эсэргүүцсэн мэдээлэл өгсөн боловч эрлийн багийг хүч нэмэгдүүлсэн гэх албан бус мэдээлэл манайд ирээд байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулын спортоор хичээллэдэг болохоор хүмүүс харьцангуй тайван байгаа хэдий ч хаврын чуулганы дуулиантай нээлттэй давхцан ийм ойлгомжгүй үйл явдал тохиосонд гайхаж, эргэлзэх хүн цөөнгүй байна. Одоогоор Ерөнхий сайдтай хамт хэн хэн явсан нь тодорхойгүй байгаа юм. Бурхан Халдун уулын бэлд Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар болон Хэнтийн ЗДТГ-ын дарга, аймгийн ОБГ-ын дарга нар эрлийн багийн шийдвэрийг хүлээж байгаа ажээ. Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлснээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг бямба гаригт Бурханхалдун ууланд авиралт хийхээр явж, ням гаригийн өглөө авиралтаа эхлэн үдээс хойш бууж ирэх төлөвлөгөөтэй байсан боловч цаг агаар гэнэт муудсанаас уулнаас бууж ирээгүй байна. Ерөнхий сайдтай 70 хүн хамт яваа гэнэ. Ямартай ч хаврын хахирган цагаар хийсэн Ерөнхий сайдын аялал хэрхэн үргэлэлэх нь одоогоор тодорхойгүй байна. Хэнтийнхэн нэлээд түгшүүртэй, хүлээлтийн байдалтай байгаа ажээ.
Д.ЦЭЭНЭ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment