Sunday, April 7, 2013

Гамшигт үзэгдлээс болж 17.1 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Гамшигт үзэгдлээс болж 17.1 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Монгол орны нутаг дэвсгэр дээр 2012 онд ажиглагдсан цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас нэгтгэн мэдээлжээ.

Цаг агаарын 13 төрлийн аюултай болон гамшигт үзэгдэл 2012 онд 140 удаа болж,  үүний улмаас 19 хүн амь насаа алдаж, улс нийгэмд 17 тэрбум 132 сая 421 мянган төгрөгийн хохирол учирсан байна. Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлүүдийн 29 хувийг фронтын гаралтай, 70 хувийг конвекцийн гаралтай, нэг хувийг бусад үзэгдлүүд эзэлж байна. Фронтын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлүүд болох хүчтэй салхи шуурга 13 удаа, их бороо, их халуун, их хүйтэн тус бүр хоёр удаа, цочир хүйтрэл долоон  удаа, хүйтэн бороо хоёр удаа ажиглагджээ. Үүний улмаас нэг хүн амь насаа алдаж, 6555 мал хорогдож, 36 байшингийн дээвэр салхинд хууларч, 17 гэр нурж, эрчим хүчний 58 шон унаж, улс нийгэмд 132 сая 60 мянган төгрөгийн хохирол учирсан байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс  мэдээлж байна.

Хамгийн их хохирол учруулсан салхи шуурганы аюултай үзэгдэл нь 2012 оны  хоёрдугаар сарын 05-нд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи 14-20м/с хүрч цасан болон шороон шуурсан бөгөөд энэхүү шуурга гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрээгүй ч  энэ үеэр Говь-Алтайн Эрдэнэ суманд 18 барилгын дээвэр, хоёр  гэр нурж, эрчим хүчний 15 шон унаж нийт 120 сая төгрөгийн хохирол учруулсан байна. 

Мөн өнгөрсөн онд болсон гамшигт үзэгдлийн нэгд зургадугаар сарын 24-25 өдөр Хөвсгөл, Булган, Орхон аймгуудын нутгаар болсон хүйтэн бороо, нойтон цасны гамшигт үзэгдлийг нэрлэжээ. Хөвсгөл, Булган, Орхон аймгуудын нутгаар 3-66 мм хүйтэн бороо, нойтон цас үргэлжлэн орсноос хамгийн их нь Эрдэнэт хотод 66 мм-т хүрсэн бол Улаантолгойд 38 мм хүртэлх их ус буусан байна. Хүйтэн бороо үргэлжлэн орсны улмаас Булганы Хутаг-Өндөр сумын Тээл багийн нутаг Намнан уулын ард зусаж байгаа малчин Даваахүү, Ганбат, Эрхэмбаяр нарын 445 толгой бог мал, Орхон сумын 1, 2, 3, 4 дүгээр багийн иргэдийн 269 толгой бог мал осгож хорогдсон. Сэлэнгийн Баруунбүрэн сумын нутаг Бургалтай, Оорцог, Бумбат, Моностой, Шувуут, Уртын ам, Жаргалант, Хайлааст, Ганц модны ам зэрэг газруудаар  105 өрхийн 3894 толгой мал, хонь-3342, ямаа-541, хоёр үхэр, есөн гахай хорогджээ. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчин багийн нутгаар Хаяа худаг гэдэг газар малчин Цэрэннадмид, Ёндон, Батхүү, Эрдэнэсүрэн, Сүхбаатар, Хуяг нарын 1500 гаруй толгой бог мал, нийт 6553 толгой мал осгож үхсэн байна.

Мөн  долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд Өвөрхангай, Төв, Дундговь, Сүхбаатар аймгийн нутгаар 20-107 мм усархаг бороо орсноос 25-ны өдөр Төв аймгийн Угтаалд 107 мм,  Сүхбаатар  аймгийн Сүхбаатар суманд 55 мм, Халзанд 42 мм,  Өвөрхангайн Хужиртад 47 мм бороо орсон байна. Энэ өдрүүдэд нийслэлийн айл өрхүүдийн, хашаа усанд автаж, Өвөрхангайн Арвайхээрт хоёр  автомашин урссан,  сумын Төв захын болон гэрлэн дохиотой уулзварын баруун талын гүүр, ШУТИС-ийн гүүрний далан нурж эвдрэн, автомашин зорчих боломжгүй болсон,  долдугаар баг руу явдаг засмал замын тойрог мөн нэгдүгээр багийн аюулгүйн тойргийн далан эвдэрч, засмал зам хуурсан, "Дэлгэрэх хүнс" ХХК-ийн барилгын дээвэр хуурч, цэвэр усны шугам эвдэрч, "Петровис" ХХК-ийн "ШТС-3" усанд автаж, түлшний саванд ус орсон,  Богд сумын Ширээгийн хөндий гэдэг газраар үер болж, тус сумын харъяат хоёр хүн  осолдсон хэрэг гарсан.

Өнгөрсөн 2012 онд конвекцийн гаралтай аюултай болон гамшигт үзэгдлүүд 74 удаа, үүнээс нөөлөг салхи 16 удаа, аянга цахилгаан 19, аадар бороо-уруйн үер 35  удаа тус тус ажиглагдаж, үүний улмаас нийт 17 хүн амь насаа алдаж, 9 хүн гэмтэж, 1879 мал хорогдож, есөн байшингийн дээвэр салхинд хууларч, 141 гэр нурж, эрчим хүчний 58 шон, холбооны зургаан  шон унасан болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоожээ.

Д.ЦЭЦ


0 comments:

Post a Comment