Saturday, April 27, 2013

Японы амьтны хүрээлэнд монгол тахь суурьшлаа

Японы амьтны хүрээлэнд монгол тахь суурьшлаа



Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Японд монгол тахь бэлэглэх ажлыг зохион байгуулж, өнгөрсөн хоёрдугаар сард Швейцарийн Цюрих хотоос гурван тахийг Токио хотод тээвэрлэн хүргэсэн юм. Японд бууснаас хойш тэдгээр тахийг мал эмнэлгийн тусгай хашаанд ариун цэврийн хорио цээрийн хяналтад нэг сар гаруй хугацаанд байлгаж, өчигдөр Тамагийн амьтны хүрээлэнд бэлтгэсэн тахины шинэ байранд шилжүүлсэн байна. Тама амьтны хүрээлэн нь Японы томоохон амьтны хүрээлэнгүүдийн нэг бөгөөд Монголын унаган амьтан болох тахийг үржүүлэн өсгөж, хамгааллын асуудалд үргэлж санаа тавьсаар иржээ.

Тахь гадаадаас тээвэрлэн сүргийнхээ цусыг сэлбэн сайжруулж, Монгол дахь тахийн хамгааллын асуудалд анхаарал хандуулан хамтарч ажиллахаар Токио хотын захиргаа, Тама амьтны хүрээлэн, Олон улсын тахь групп, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар өнгөрсөн оны сүүлээр гэрээ байгуулсан юм. Хамтын ажиллагааны хүрээнд Олон улсын тахь групп Европоос гурван тахийг Япон руу ачуулах ажлыг зохион байгуулжээ.

Тама амьтны хүрээлэнд өчигдөр тахь, чоно зэрэг амьтдад зориулсан шинэ үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа болсон бөгөөд энэ арга хэмжээнд Токио хотын захиргаа, Монгол Улсаас Японд суугаа Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн, Олон улсын тахь группын төслийн удирдагч, профессор Кристьян Уолцер, Монгол дахь Товчооны дарга Н.Энхсайхан нар оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бэлэг болох тахийг тус амьтны хүрээлэнд албан ёсоор гардуулан өгсөн тухай Олон улсын тахь группийн Монгол дахь товчооны менежер Н.Энхсайхан бидэнд мэдээллээ.

Т.МАША


0 comments:

Post a Comment