Monday, July 22, 2013

LIKE-ийн залуус хандив өргөв

LIKE-ийн залуус хандив өргөв

58 минутын өмнө

Залуусын "Like-д нэгдэцгээе" гэх өвөрмөц содон уриатай аян өнгөрсөн тавдугаар сараас эхэлж, асар богино хугацаанд Фэйсбүүк дэх цахим хуудастаа 60 мянга гаруй залуусыг нэгтгэж хүрээгээ тэлсээр байна. Тэд цахим ертөнцийн гол үнэлэмж болох like-аар нийгмийн чухал асуудал, ажлуудыг хөндөн дэмжиж сайн үйл бүхэнд залуусыг нэгтгэсээр байна. Тус аяны залуус "Like" төслийнхөө үргэлжлэл болгож ээлжит кампанит ажлаа хийжээ. Тэд тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар "Наадмын LIKE хуушуур" кампанит ажлыг санаачлан зохион байгуулж олсон орлогоо нэн шаардлагатай байгаа хоёр зүйлд зориулахаар шийдсэн байна. Тодруулбал БНСУ-д Тархины хорт хавдар өвчнөө эмчлүүлж буй н.Танан охины эмчилгээний зардалд нэмэр болох, мөн долдугаар сарын 28-ний өдөр Болгар улсын Софи хотноо болох Deaf Olymp буюу Cонсголын бэрхшээлтэй хүмүүсийн зуны олимпод оролцох Монголын баг тамирчдаа хандив өгч урам хайрлах зэрэг юм. Тус ажлынхаа хүрээнд өнгөрсөн бямба гаригт "Like" төслийн багийн ахлагч Б.Энхбатаар удирдуулсан залуус Үндэсний Сонсголын Бэрхшээлтэй Иргэдийн Холбоо /ҮСБИХ/-нд өөрсдийн сэтгэлийн дэм болох мөнгөн хандиваа гардуулсан юм. Энэ үеэр ҮСБИХ-ны Ерөнхийлөгч Т.Цэдэнбал, Гүйцэтгэх захирал н.Оюунчимэг нар оролцсон бөгөөд төслийн залууст баярлаж буйгаа илэрхийлсэн байна. Тэд "Like" төслийн залууст хандан "Тэмцээндээ амжилттай оролцож  эх орондоо Алтан медаль авчирахад бүх хүч чадлаа дайчилна. Биднийг ингэж дэмжиж буй залуус та бүхнийхээ итгэлийг алдахгүйг хичээнэ" гэдгээ илэрхийлсэн юм. "Like" төслийн залуус энэ ажлаараа иргэд, олон нийтийг сайн үйлд нэгдэхийг уриалж буйгаа илэрхийллээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment