Wednesday, July 10, 2013

Бичиг үсгийн боловсролыг сайжруулах шаардлагатай гэв

Бичиг үсгийн боловсролыг сайжруулах шаардлагатай гэв

НҮБ-ын "Бичигтэн болох 10 жил"-ийг санаачлагч орны хувьд 2004-2012 онуудад Монгол улсад хэрэгжүүлсэн "Бичиг үсгийн боловсролын үндэсний хөтөлбөр"-ийн үйл ажиллагааны тайлан-хэлэлцүүлгийг Гадаад харилцааны яам, Боловсрол шинжлэх ухааны яам, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Насан туршийн боловсролын үндэсний төв (НТБҮТ) хамтран Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд өчигдөр зохион байгууллаа. Уг тайлан хэлэлцүүлэг Гадаад Харилцааны сайд Л.Болдын үгээр эхэлсний дараа илтгэгчид болох ҮСХ-ны дэд дарга Б.Эрдэнэсүрэн, НТБҮТ-ийн захирал Ц.Цэндмаа, Боловсролын хүрээлэнгийн захирал Н.Бэгз, ГХЯ-ны ОУБГ-ын зөвлөх П.Гансүх болон ЮНЕСКО-гийн төлөөлөгч Мики Нозава нар холбогдох илтгэлүүдээ хэлэлцүүлсэн. Бичиг үсгийн боловсролын Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан, насанд хүрэгчдийн бичиг үсгийн боловсролын судалгаа, Монголын төдийгүй дэлхийн хүн амын бичиг үсгийн боловсролын байдал зэрэг илтгэл энэ үеэр хэлэлцэгдэж, холбогдох яам, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, бүх шатны сургууль, Гэгээрэл төвүүд болон бусад байгууллагын төлөөлөл болох 50 гаруй оролцогч энэхүү тайлан хэлэлцүүлэгт хамрагдсан ажээ.

НҮБ-ын "Бичигтэн болох 10 жил", "Бүх нийтийн боловсролын Дакарын үйл ажиллагааны хүрээ"-ний зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс бүх улс орны Засгийн газар, олон улсын байгууллагууд хамтран бичиг үсэг тайлагдаагүй байдалтай тэмцэж, албан болон албан бус боловсролын замаар бүх нийтээр бичигтэн болоход үйл ажиллагаагаа чиглүүлжээ. Монгол улс ч дэлхийн улс орнуудтай зорилгоо нэгтгэн жил бүрийн есдүгээр сарын 8-ны өдрийг "Бичигтэн болох Дэлхий нийтийн өдөр"-өөр тунхаглаж, тэмдэглэдэг болжээ. Монгол улсаас баталсан уг үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2010 оны хүн ам, орон сууцны тооллогын дүнгээр бичиг үсэгт тайлагдалтын түвшин 98,3 хувьд хүрч, 2000 оныхоос 1,7 хувиар нэмэгдсэн нааштай үзүүлэлт гарсан байна.

Тус тайлан-хэлэлцүүлгийн үеэр бичиг үсгийн боловсролыг бүх нийтэд зайлшгүй эзэмшүүлэхэд чиглэгдсэн төрийн бодлогыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг илтгэгчид онцлон тэмдэглэж, Монгол улсын бичиг үсгийн боловсролын талаар цаашид боловсруулах бодлого, баримтлах стратеги төлөвлөгөөнд хэлэлцүүлгийн үеэр гарсан зөвлөмжүүдийг тусгуулах саналыг оролцогчид дэвшүүлж байв. Мөн хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжүүдийг нэгтгэн тайланг ЮНЕСКО болон НҮБ-д хүргүүлэн хэлэлцүүлэхээр болжээ.

У.БОЛОР

0 comments:

Post a Comment