
Уулзалтын үеэр холбогдох сайдууд бүтээн байгуулалтын ажил газар бүрт өрнөж байгаа сайхан мэдээг дуулгахын хажуугаар газар чөлөөлөлтөөс болоод гацаанд орсон ажлуудыг ч танилцууллаа. Тухайлбал, Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сард Амгалан дулааны станц байгуулах шийдвэрийг гаргасан ч энэ ажил гацаанд оржээ. Гол бэрхшээл нь газар чөлөөлөлттэй холбоотой гэнэ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн тайлбарласнаар Амгалан орчимд нийт 85 айлын газрыг чөлөөлөх ёстой байгаа ажээ. Хотын захиргаанаас иргэдтэй уулзсанаар 20-иод айлын газрыг чөлөөлүүлэхээр тохиролцсон бол бусадтай нь нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй аж. Зөвхөн нэг аж ахуйн нэгж л гэхэд газар чөлөөлсөн нөхцөлд 6 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт авахаа мэдэгджээ. Энэ тохиолдолд газар чөлөөлөлтөд зориулж нэмж 52 тэрбум төгрөг шаардагдах юм байна. Тиймээс Амгалан дулааны станц барих ажил бэрхшээлтэй тулсныг дуулгалаа.
Мөн Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Дулааны тавдугаар цахилгаан станц барих ажил ямар шатанд явааг сонирхтол, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гарсны дараа товлосон газраа барих эсэхийг шийдэх тул хүлээлтэд шилжжээ. Дээрх мэдээллийг авсан Ерөнхий сайд "Засгийн газраас холбогдох шийдвэр гаргасан атал ажил явахгүй байгаа нь тун урагшгүйн шинж" гэж дүгнэсэн юм. Хэдийгээр дулааны болоод цахилгаан станц барих ажил сааталтай тухай саар мэдээ дуулдсан ч бусад ажлууд гялзалзаж байгаа бололтой. Жишээ нь, "Шинэ гудамж" төслийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 30 гаруй уулзварыг шинэчлэн засах ёстойгоос өнгөрсөн сард Өргөө, Саппорогийн тойргийн уулзварыг хүлээн авсан бол энэ долоо хоногт "АПУ"-гийн хойд талын уулзвар, Дарь-Эхийн овооны уулзвар ашиглалтад орох юм байна.
Түүнчлэн Барилга хот байгуулалтын сайд, хотын дарга хоёрын өгсөн мэдээллээр бол "Буянт Ухаа" хорооллын ажил тун урагштай үргэлжилж байгаа ажээ. Өнгөрсөн амралтын өдөр хотын дарга дээрх хорооллын ажилтай газар дээр нь очиж ажлын явцтай нь танилцжээ. Энэ үеэр компанийн удирдлагууд хөрөнгө саатуулахгүй байх хүсэлт тавьжээ. Хотын дарга энэ тухай тодотгохдоо "Ажлыг нь хараад үнэхээр бахархсан. Ерөнхий сайд аа, одоо хөрөнгийг нь саатуулахгүй байх шаардлагатай байна. Ингэхгүй бол ажлын эрч буурна" гэсэн юм. Ерөнхий сайдын тодотгосноор үндэсний таван барилгын компани нийлээд орон сууц барих хүсэлт гаргажээ. Ингээд Орон сууц санхүүжилтийн корпорацийн газар дээр 1575 айлын орон сууц барихаар болж өнгөрсөн дөрөвдүгээр сард барилгын ажлыг эхлүүлсэн байна. Эхний ээлжинд 500 айлын орон сууц баригдана, ирэх намар ашиглалтад орох аж.
Орон сууц барих ажил үүгээр хязгаарлагдахгүй, ирээдүйд Баянхошуу, Сэлбэ хоёр Улаанбаатар хотдоо хамгийн томд орохуйц хот болж хөгжих юм байна. Нийт 400 мянган иргэн оршин суух боломжтой хоёр том хот байгуулагдана. Дээрх хот төлөвлөлттэй холбоотойгоор Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай энэ долоо хоногт санамж бичгийг үзэглэж баталгаажуулна гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч мэдэгдлээ.
Нийслэлчүүдийн унтах нойрыг хугасалж байгаа орон сууцтай холбоотой эерэг мэдээллийн хажуугаар наадмын бэлтгэл хангах хүрээнд Хүй долоон худаг руу тавьж байгаа замын ажил хуваарийн дагуу үргэлжилж байгаа гэх мэдээллийг давхар өглөө. Гэхдээ бороо орвол ажил бага зэрэг саатаж болзошгүй ч наадмаас урьтаад авто зам ашиглалтад орно. Хүй долоон худагт авто зам тавихаас гадна наадамчин олныг морь харахад тав тухыг нь хангах зорилгоор суудал байршуулна, мөн авто замын зогсоол байгуулж байгаа. Худалдаа үйлчилгээ эрхлэхэд нь зориулалтын тусгай талбай байгуулах зэргээр тохижуулалтын ажлууд хийгдэж байгаа юм. Энэ бүхэнтэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирэх бямба гаригийн Засгийн газрын хуралдаанаа өндөрлүүлээд очиж танилцан хүлээж авахаар болов.
"Чингис хаан" нисэх онгоцны буудал явах замд Спорт цогцолбор баригдсан байдаг. Гэвч цэвэр усны шугам татаагүй аж. Харин энэ ажил одоо хийгдэж буй гэнэ. Ингэхдээ Барилга хот байгуулалтын сайдын багцаас 3 тэрбум төгрөг гаргаснаар "Буянт Ухаа" нэгдүгээр хороолол, мөн төрөх эмнэлэг, Спорт цогцолборын цэвэр усны шугамыг шийдэж байгаа юм байна.
Орон нутагт бүтээн байгуулалтын ажил хэр урагшилж байна вэ?
Шинэчлэлийн Засгийн газар хөдөөгийн хөгжлийг орхигдуулахгүйн тулд "Шинэ сум" төсөл хэрэгжүүлэхээр болсон. Нэг суманд 14 тэрбум төгрөг төлөвлөх замаар эхний ээлжинд Баянхонгор аймгийн хоёр суманд Канад технологиор сургууль, цэцэрлэг барих ажил эхлээд байгаа. Мөн иргэдийн сууцыг канад технологиор барьснаар бусад сумдад жишиг үлгэр дуурайл болохуйц сум бий болно. Ирэх намар сургууль, цэцэрлэг, эмнэлэг ашиглалтад орох юм байна.
Хөдөөгийн хөгжлийг өөд татах хоёр дахь томоохон ажил бол мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгоход оршжээ. Ямар ч байсан Хөдөө аж ахуйн бирж жинхэнэ утгаараа ажиллах болсноор жилдээ 6000 тонн ноолуур гардгаас 4700 тонн нь биржээр дамжин борлуулагджээ. Энэ нь ноолуурын ханш нэг жигд борлуулагдах боломжийг бүрдүүлсэн төдийгүй далд эдийн засаг ил гарах нааштай үр дүн дагуулах болсон байна. Арьс ширээ дотооддоо боловсруулдаг болохын тулд Улаанбаатар хотод байрлаж байгаа үйлдвэрүүдийг орон нутагт шилжүүлэх шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас гадаадын байгууллагатай хамтран Орхон, Дархан-Уул, Багануур, Багахангай, Налайх, Чойр зэрэг хэд, хэдэн аймаг, дүүрэгт судалгаа хийсний үндсэн дээр Дархан-Уулд арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах нь тохиромжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тиймээс жил тутамд малаас гардаг 10 сая орчим арьс ширийг Дархан-Уул аймагт төвлөрүүлж боловсруулан экспортод гаргах төлөвлөгөөтэй юм байна.
Монгол Улс хөгжих хоёр дахь гарц нь уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулж экспортлох явдал. Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор барьж байгуулах шийдэл нэгэнтээ гарсан. Эл үйлдвэрийн 66 хувь хувийн эзэмшлийнх байх бол үлдэж буй 34 хувь нь төрийн мэдлийнх байна. Төр дэд бүтцийг татах ажлыг хариуцна. Энэ хүрээнд 14.7 тэрбум төгрөгийн өртөгтэй тендер зарлагдсан, долдугаар сарын 8-нд шалгаруулалтад тэнцсэн компанийн нэр тодорхой болох аж.
Уулзалтын үеэр төмөр зам барих хүрээнд газар шорооны ажил мөн урагштай яваа мэдээллийг холбогдох албаны хүн өглөө. Өнөө жил зургаан аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбоно. Ажил урагшилж л байгаа юм байна.
Г.ДАРЬ

0 comments:
Post a Comment