Thursday, July 4, 2013

Дарь-Эх Сансарын уулзвар дөрвөн зам боллоо

Эдийн засгийн хөгжлийн яамны "Гудамж" төслийн хүрээнд нийслэлийн авто замын уулзваруудыг өргөтгөн шинэчлэх ажил амжилттай үргэлжилж, өнөөдөр дахин нэг уулзвар ашиглалтад орлоо. Тодруулбал, Сансараас 100 айл явах замтай Дарь-Эхээс нийлдэг уулзварын зорчих хэсгийг өргөтгөж, бүх чиглэл рүүгээ эргэх зохион байгуулалттай болгож, гэрэл дохиог шинэчилсэн юм.

Уулзварыг нээх ёслолын үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр "Бид нийслэл хотынхоо авто замын ачааллыг бууруулж, иргэдээ тав тухай зорчих, цаг завыг нь хэмнэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор 33 уулзварыг шинэчлэх ажил өрнүүлж байна. Энэ ажил бол харьцангуй бага хөрөнгөөр богино хугацаанд боломжийн үр дүнд хүрч байгаагаараа онцлогтой" гэдгийг тодотголоо.

Уг ажлын зураг төслийг "Ар Си Эс Си" ХХК боловсруулж, "Экспресс зам" ХХК ажлын 20 хоногт багтаан нийт 10400 ам метр талбайд зам барилгын, 1620 ам метр талбайд явган зорчигчийн замын ажил гүйцэтгэжээ. Түүнчлэн, зам барилгын ажилтай зэрэгцэн цахилгаан болон дулааны гол шугам сүлжээг "Хасу мегаватт" ХХК өргөтгөн шинэчилсэн байна. Харин шинээр гэрэл дохио нэмж суурилуулах ажлыг "Сүлжээт зам" ХХК хийжээ.

"Гудамж" төслийн "Хотын төв" дэд төслийн хүрээнд өнгөрсөн сард III, IV хорооллын "Өргөө" кино театрын өмнөх уулзвар болон Саппорогийн тойргийг шинэчилсэн бол өнөөдөр ийнхүү гурав дахь уулзварыг шинэчилж, ашиглалтад орууллаа. Дашрамд дурдахад, өдгөө хоёр уулзварын ажил ид өрнөж байгаа бол ойрын хугацаанд дахин хэд хэдэн уулзвар шинэчлэх ажил эхлэх юм.

Эх сурвалж: www.gudamjtusul.mn






0 comments:

Post a Comment