Tuesday, July 16, 2013

Гэмт хэргээс сэргийлэхэд Прокурортой хамтарна

Гэмт хэргээс сэргийлэхэд Прокурортой хамтарна

53 минутын өмнө

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн прокурорын газартай 2013-2016 онд хамтран ажиллах хөтөлбөр баталж, хамтын ажиллагааны санамж бичиг  өнөөдөр байгууллаа.  Санамж бичигт НИТХ-ын дарга, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Баттулга, нийслэлийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Бат-Орших нар гарын үсэг зурсан юм. Хөтөлбөрийн хүрээнд иргэдэд хуулийн мэдлэг, мэдээлэл олгох, гэмт хэрэг гарсны дараа бус гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр цогц арга хэмжээ авах, хорих ангид ял эдлээд гарсан иргэдийг нийгэмшүүлэх зэрэг олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Баттулга "Төрийн байгууллагуудын уялдаа холбоог  сайжруулах, иргэдийг мэдээллээр хангах тал дээр  хамтран ажилласнаараа бид иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулахад нөлөөлөх учиртай. Тиймээс эрүүл, аюулгүй нийслэл хотыг цогцлооход бидний хамтын ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна" гэж онцлон хэлсэн юм. Харин нийслэлийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Бат-Орших "2013-2016 онд нийслэл хоттой хуулийн хүрээнд хамтран ажиллах болсондоо таатай байна. Нийслэл хотод гэмт хэрэг гарсны дараа биш харин гарахаас урьдчилан сэргийлж, ажиллахад онцгой анхаарна. Ингэснээр гэмт хэргийн гаралт буурна гэж тооцоолж байна " гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment