Thursday, July 11, 2013

Цэнгэлийн манлай

Эрмэг хурдан хүлгийнхээ шандсыг сорьж, хүчит дөрвөн туурайных нь бөмбөрдөх чимээг зүүдлэнхэн хүлээсэн уяачид болоод хүч бяр нь амтагдсан хүдэр чийрэг эрчүүд, эрчит нумаа эвшээлгэн эвшээлгэн 365 хоногийг үдсэн харваач, шагайнхаа мэргийг шившин сорих шагайн харваачдын магнай тэнүүн байна. Олон жил уясан морь хүртэл өөрийгөө сойн хүлээдэг монгол түмний их баяр наадмын нээлт энэ жил урьд урьдынхаас илүү эрчтэй, хүчтэй, цоглог ирмүүн байлаа. МУГЖ Д.Сосорбарамын найруулан бэлтгэсэн нээлтийн ёслолд 5000 бий бийлээчид цуглан наадамч олноо цэнгүүлсэн нь хамгийн том сюрприз байлаа. Найман настай балчраас наян настай буурлаа хүртэл бий биелгээг хэрхэн хийдгийг зүлэг ногоон дэвжээнээс харж болохоор байлаа.  Цаст Алтайн хормой бэлээр нутаглах баруун монгол түмний бахархал болсон биелгээг жинхэнэ утгаар нь таван мянгуулаа биелж, Гиннесийн номд бүртгүүлсэн нь энэхүү наадмын хожим ч давтагдахааргүй онцлог байлаа.

Наадамчин олны сэтгэлийг сэргээж, нүдийг баягасан олон үзүүлбэр дундаас морьтон залуусын эрэмгий үзүүлбэр бусдаас содон байв. Хурдлан хатирах морьдын явдал дунд бүжин цэнгэх тэдний дунд хоёр ч бүсгүй байлаа. Наадмын тухай олон олон дуунаас онцлон "Харанга" хамтлагийн "Толин хул " дууг  онцлон наадмын нээлтэд багтаасан нь бас нэгэн өвөрмөц бэлэг байлаа. Дуучин Х.Лхагвасүрэн морин дэл дээр үсээ дарцаг адил намируулан гарч ирэхэд наадамч олон уухай түрэн угтсан юм. Түүний араас шандаст хурдан хүлгийн унаач хүүхдүүд гийнгоо түрэн гарч ирэхэд цэнгэлдэх дүүрэн хүмүүсийн магнай тэнийн баярлаж байлаа.

Бөхийн барилдаан эхлэхийн өмнө зүлэг ногоон дэвжээнээсээ аварга цол хүртсэн бөхчүүд гарч ирж, наадамч олныг баясган, есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлэв. Дархан аварга Ж.Мөнхбат тэргүүтэй таван аваргууд дунд зодог тайлсан хэдий ч үгүйлэгдсээр байгаа жижиг А.Сүхбат аварга ирсэн байлаа. Харин Х.Баянмөнх аварга аанай л зангаараа морилсонгүй нь наадамчдыг жаахна гонсойлголоо.

Сонин содон ихтэй наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наадамч олондоо хандан баярын мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр "Монголоороо гоёсон Монгол наадмынхаа босго өдөр би Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангарагаа хоёрдохоо өргөлөө. Хүүдээ итгэх адил надад итгэсэн ард түмэндээ их баярлалаа. Аав ээжийнхээ ачийг хариулахын төлөө хүү нь яаж зүтгэдэг билээ, ард түмэн та нарынхаа төлөө би тэгж зүтгэх болноо.Монгол наадам эхэлж байгаа энэ өдөр амжилт ялалт, билэгтэй сайхнаа хэлэлцэж, түүх соёл өв уламжлалаараа бахархаж байгаа нийт наадамчиддаа уяа хөнгөн, цэц мэргэн, бяр их наадахын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье" хэмээн өгүүлсэн юм. Ерөнхийлөгчийн мэндчилгээнд хүч нэмсэн нэгэн сонирхолтой үзүүлбэр бол 999 монгол эрчүүдийн уртын дуу байсан юм. Улаан, цагааныг хослуулсан 999 уртын дуучны   цэнгэлдэх дүүртэл хүнгэнүүлэх түрлэг юугаас харахад монгол түмэн аргагүй л  дууч түмэн гэдгийг батлах ажгуу.

Ийн гайхуулах сайхан олонтой цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талаас ч дуулгах сонин их байна. Наадам эхэлж амжаагүй байхад л ундааны сав, гялгар уут, амны цаасаар "өнгө алагладаг" цэнгэлдэхийн ойр орчим цэвэр цэмцгэр байгаагаараа бас онцлог. "Цэмцгэр наадам" гэх лого бүхий уут сав барьсан охид, хөвгүүд хоггүй наадахыг уриалж харагдлаа. Хэдийгээр худалдаа наймааг цэгцэлнэ гэж амласан ч энэ жилийн баяр наадмын худалдаанд хуушуур, шорлогоос эхлээд ус ундаа,  нарны шүхэр, нүдний шил, хөлийн шаахай гээд цөм бүрэн ажээ.  Урьдын адил наадмын хуушуур эрэлт ихтэй хэвээр байна. Хаа сайгүй хуушуурын гуанз гарсан ч наадамч олонд хүртээхүйц хэмжээнд гарч хараахан амжаагүй бололтой.

Цэнгэлдэх хүрээлэнг зорьсон наадмчдын унааг багагүй зайл тавиулж байгаагаас цэнгэлдэх рүү ордог нарийн замд хүний түгжрээ үүсчээ. Хэдий наргүй ч бүгчим халуунд хүмүүс халууцаж улайсан харагдах ч харин шахцалдлаа гээд уурлаж бухимдсан нь ховор байгаа нь аргагүй л  наадмын өдрийн шинж биз ээ. Хүн түгжрээнд хавчуулагдсан гадаадын жуулчид их л цэрвэсэн байртай цүнх үүргэвчээ өмнөө тэвэрсэн харагдана. Ингэхээс ч аргагүй байдлыг наадамчин олон дунд хоёр гурваараа нийлэн явах "сайн эрчүүд" үүсгэсэн  нь гарцаагүй. Тэд наадмын үзүүлбэр рүү бус наадамчдын халаас, хэтэвч рүү нүд бэлчээн байгаа нь сайтар ажигласан хүнд бол илт мэдрэгдэхээр байсан юм.

Тэнгэр хангай ч монгол түмнээ тухтай наадаг гэсэн мэт сайхан байна. Нар шарахгүй, хур ороогүй болохоор наадамд эр бяраа сорьж буй хүмүүст тун ч таатай байхын дээр үзэгч олон ч тухлан сууж наадмаа үзэж байна.

Зүлэг ногоон дэвжээгээ хотолзуулан хүчтэнүүд нь дэвж
Зуун алдын газраас мэргэн харваачид сумаа тавьж
Зурхайгаас гарсан морьд нь газар нумруулан дүүлж
Зөөлөн сэтгэлт ардын уухайн дуу нүргэлж
Омог төгөлдөр Монголчууд дэлхийн элгэн дээрээс
Олон зууны түүхтэй баяр цэнгэлээ хөгжөөж
Есөн хөлт цагаан тугаа наран зүгт залсаар
Ертөнц дахиныг сэрээсэн Монгол наадам
эхэллээ гэсэн манай байгууллагын ганц яруу найрагч Т.Дарханхөвсгөлийн шүлгээр энэ удаагийн сурвалжлагаа өндөрлөе. Та бүхэн сайхан наадаарай.

Д.ЦЭЭНЭ

0 comments:

Post a Comment