Monday, July 22, 2013

Үзэмчин хувцастай хос дэгжин хосоор тодорчээ

Үзэмчин хувцастай хос дэгжин хосоор тодорчээ



"Дээлтэй Монгол-2013" наадам Чингис хааны талбайд өнгөрсөн бямба гаригт болсон. Нийтдээ 15 мянга гаруй хүн оролцсон эл наадмын нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл "Улаанбаатар хотыг бүс нутгийн бизнесийн төдийгүй соёлын аялал жуулчлалын нэг төв болгон хөгжүүлэхэд "Дээлтэй Монгол" арга хэмжээ тодорхой түлхэц үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Өдгөө бага наадам хэмээн нэрлэгдэх болсон энэхүү арга хэмжээ тив дэлхийд алдаршсан, олон арван мянган жуулчдыг даллан дуудсан соёлын арга хэмжээ болохыг ерөөе" хэмээн өгүүлсэн юм.

Үндэсний хувцасны парадаар эхэлсэн "Дээлтэй Монгол-2013" наадамд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон "Чингис хаан" дуурийн Чингис хааны ари болон "Хан бүргэдэй" дуурийн полонез бүжгээрээ, "Сарны чулуу" дуу бүжгийн чуулгынхан "Гайхамшигт Монгол урлаг" тоглолтоороо, Монголын үндэсний "АСА" циркийнхэн алиалагч, цагариг, жонглёрын үзүүлбэрээр оролцсон бол "Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах "Би Монгол хүн" дуугаа дуулж, үзэгч олныг хөгжөөлөө. "Дээлтэй Монгол-2013" наадам мөн шилдгүүдээ тодрууллаа. Шилдгүүдээр дараах хүмүүс шалгарсан байна.

  • Монгол үндэсний дээлтэй гадаадын зочдын шилдэг хосоор АНУ-ын иргэн Dan Ellis, Ж.Эрдэнэсүрэн нар

  • Үндэсний дээлтэй бяцхан 100 оролцогчоос ихэр хөвгүүд болох А.Содгэрэл, А.Содбаяр, охидуудаас дөрвөн настай Т.Цэнгүүн нар

  • Нийтийн бүжгийн 30 гаруй хосоос С.Лхагвадорж, Д.Сувдаа нар

  • Хамгийн сайхан дээлтэй 36 хосоос үзэмчин хувсаар оролцсон О.Ганболд, Л.Туяа нар түрүүлсэн бол үзэгчлийн талархлыг хүлээсэн хосоор Д.Батдаваа, Б.Өрнөхбилэг нар шалгарлаа. Мөн хамгийн өндөр настай хос болох Е.Ибрайм, Т.Сайлау нарыг "Special rent car and tour"компаниас Байгаль далайд аялах эрхээр шагналаа.

  • Хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллагаар "Цаст цагаан Алтай" төрийн бус байгууллага

  • Сайн зохион байгуулалтай, идэвхтэй оролцсон дүүргээр нэгдүгээр байрт Хан-Уул дүүрэг, хоёрдугаар байрт Баянгол дүүрэг, гуравдугаар байрт Сонгинохайрхан дүүрэг шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Энэ удаагийн наадам онцлог ихтэй байлаа. Наадмыг дэлхийн дээд амжилтыг тогтоодог "Геннис"-ын номонд бүртгүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн үндэсний хувцсаараа гангарсан 100 хүүхдэд "АПУ" компаниас гарын бэлэг гардуулан өгчээ.

0 comments:

Post a Comment