Wednesday, July 3, 2013

Хоёр уулзварыг нээнэ

"Гудамж" төслийн хүрээнд хийгдэж буй Дарь-Эх Сансарын уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил бүрэн дууссан бөгөөд өнөөдөр 11.40 цагт нээлтээ хийх юм байна. Үйл ажиллагаанд салбарын сайд, УИХ-ын гишүүд болон бусад албаны хүмүүс оролцох юм байна. Тус уулзварыг дөрвөн замын уулзвар болгож, өргөтгөн шинэчлэх зураг төслийг "Ар Си Эс Си" ХХК боловсруулж, "Экспресс зам" ХХК нийт 10400 ам метр талбайд зам барилгын, 1620 ам метр талбайд явган зорчигчийн замын ажил хийж гүйцэтгэжээ. Түүнчлэн, зам барилгын ажилтай зэрэгцэн цахилгаан болон дулааны гол шугам сүлжээг "Хасу мегаватт" ХХК өргөтгөн шинэчилсэн байна.

Мөн төслийн хүрээнд хийгдэж буй АПУ ХХК-ийн арын уулзварыг 13.30 цагт нээх юм байна. Энэ ажлын зураг төслийг "Ростов" ХХК хийж, гүйцэтгэгчээр "Пауэр ложистикс" ХХК ажиллажээ. Тус уулзварыг харьцангуй богино хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч троллейбусны шугамын шон, хэд хэдэн байгууллагын хашаа шилжүүлэх, зам барилгын ажилд ашиглах том оврын ачааны машин явах зөвшөөрлийг Замын цагдаагийн байгууллагаас хязгаарлах зэрэг шалтгаанаар ажил бага зэрэг удааширсан аж. Энэ уулзвар өмнө нь хоёр чигийн урсгалтай, зөвхөн баруун гар тийш эргэх хөдөлгөөний зохицуулалттай, уулзвараар шууд нэвт гарах боломжгүй байсан. Харин өргөтгөн шинэчилснээр баруун болон зүүн тийш эргэх, хөндлөн нэвтрэх боломжтой дөрвөн замын уулзвар болж байгаа юм.

Гудамж төслийн хүрээнд III, IV хорооллын "Өргөө" кино театрын уулзвар, Саппорогийн тойргийн уулзваруудыг шинэчлэн, засварлаж ашиглалтад оруулаад байгаа юм.

Ш.ЧИМЭГ

0 comments:

Post a Comment