Wednesday, July 10, 2013

Хүй долоон худагт нөхцөл байдал тайван байна

Хүй долоон худагт нөхцөл байдал тайван байна

Тулгар Төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадам дэлгэр сайхан болж байна. Сая сүргийн магнай хурдан азарганууд барианд орж ирсэн бөгөөд наадамчин Хүй долоон худагтаа олон сэтгэл догдлон хүлээн, барианд ирмэгц нь хийморь шандаст хүлгийн магнайд хүрэхээр багагүй "хөл хөдөлгөөн" боллоо. Хүй долоон худгийн талбайд аюулгүй байдлыг хангахаар цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн нэмэгдсэн хүчээр хамгаалалтад ажиллаж байгаа билээ.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн байцаагч, Цагдаагийн ахлах дэслэгч Н.Төгсбаяраас тодрууллаа.


-Хүй долоон худагийн нөхцөл байдал одоогоор ямар байна вэ?

-Ерөнхийдөө баяр, ёслолоор цагдаагийн бие бүрэлдэхүүн нэмэгдсэн хүчээр ажилладаг. Энэ удаагийн Үндэсний их баяр наадмаар долдугаар сарын 7-нөөс цагдаагийн албан хаагчид албаны бэлэн байдалд орсон.Баяр наадмаар нийт 3500 цагдаагийн ажилтнууд ажиллаж байгаагаас Хүй долоон худагт 2300, Төв цэнгэлдэх хүрээлэнд 1200 ажиллаж байна. Одоогийн байдлаар нөхцөл байдал тайван байна.

-Гэмт хэрэг, осол, зөрчил хэр гарч байна вэ?

-Хүй долоон худгаас 103 дугаарын утсанд эрүүл мэндтэй холбоотой дуудлага мэр сэр ирж байна. Түүнийх нь дагуу эмч нар арга хэмжээ авч ажилласан. Ер нь ихэнх хүүхэд алга болсон мэдээлэл бидэнд ирсэн. Тухайлбал, таван хүүхэд алга болсон мэдээлэл ирж, үүний дагуу бид эрж хайж, эцэг эхэд нь хүлээлгэж өгсөн.

-Энэ удаагийн баяр наадмын харуул, хамгаалалт, зохион байгуулалтын хувьд юугаараа онцлог вэ?

-Энэ жилийн хувьд Хүй долоон худагт 20 орчим цэгт камер ажиллуулж байна. Харин цэнгэлдэх хүрээлэнд 30 орчим камер байрлуулж тус бүрт нь хяналт тавьж байгаа.Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хувьд, ойр орчмын 100 метрт машин явуулахгүйгээр ногоон бүс болгосон. Нөгөөтэйгүүр цагдаагийн бие бүрэлдэхүүн ашиглах машины хувьд нэмэлт хангамжтай болсоноороо онцлог. МонголдАрдчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын бага хурал болох үеэр 70 гаруй машиныг хүлээж авсан байсан. Түүнийгээ ашиглахаас гадна долдугаар сарын 7, 8-нд 20 гаруй машин хүлээн авсан. Эдгээр машинуудыг ашиглан Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагийн ойр орчмоор хэв журмыг хангуулж ажиллаж байна.

-Хүүхэд алга болсон, эсвэл аливаа зөрчил илэрвэл хэрхэн мэдээлэл өгөх вэ?

-Иргэдийн цаг хугацааг хэмнэхийн тулд хамгийн ойр байгаа цагдаагийн ажилтан мэдээллийг хүлээн авна. Тухайн цагдаагийн ажилтнаар дамжуулж Шуурхай удирдлагын алба хэв журмыг сахиулна. Шаардлагатай бол чанга яригчаар мэдээллэж, арга хэмжээ авна.

-Хүй долоон худагт иргэд хурдан морь үзэхээс гаднамайхнаа барьж, амрахаар ирдэг. Харуул хамгаалалт 24 цагийн туршид байх уу?

-Тэгэлгүй яахав. Манай бие бүрэлдэхүүн 24 цагийн туршид ажиллана.

У.БОЛОР

0 comments:

Post a Comment