Sunday, June 30, 2013

Сайхан наадах төлөвлөгөө


Тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг наадамчин олон ердөө арав гаруйхан хоногийн дараа тэмдэглэх гэж байна. Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил, хөрөнгө оруулалтын зарцуулалт, тохижилтын ажлуудын явцтай нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нараар ахлуулсан харьяа хэлтсийн удирдлагууд өнгөрсөн бямба гаригт танилцсан юм.

Хотын удирдлагуудаас бүрдсэн комиссын гишүүд үндэсний бөхийн барилдаан, сур шагайн харвааг тэмдэглэн өнгөрүүлдэг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явцтай эхлээд танилцлаа. Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнг засварлан тохижуулахад 15 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд засварын ажил 90 орчим хувьтай үргэлжилж байгаа аж. Мөн наадамчин олны хүсэлтийг хүлээн авч Төв цэнгэлдэхийн 12500наадамчдын суудлыг байгаа бололцоогоор буюу 2000-аар нэмж байрлуулжээ. Одоогоор наадмын явцыг сурвалжлах хэвлэл мэдээлийн ажилтнуудын зогсох талбайг өргөсгөж, томруулахаар засварчид ажиллаж байгаа гэнэ. Сур, шагайн харвааны талбайн ойр орчмыг хатуу хучилттай болгон бетондож, сурын талбайг өргөсгөн хиймэл зүлэг дэвсэж байлаа. Харин шагайн харвааны өмнөх шороон талбайг худалдаа, үйлчилгээ эрхлэх талбай болгон засварлах юм байна.Мөн нийтийн бие засах газрыг нааадмчин олонд наадмын үйл ажиллагаа, автомашины зогсоол худалдаа үйлчилгээний тухай мэдээлэх мэдээлийн самбарын стадионы өмнө байрлуулах гэнэ.

"Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд ялангуяа явган зорчигчдод саад болохгүй байхад анхаарал тавьж, стадионы хавь орчныг тохижуулж, Иргэдийн хуушуураа идэж, баярлаж цэнгэн, амрах талбайруу автомашин оруулахгүй чөлөөтэй байлгахаар төлөвлөсөн. Манай стадион байнгын ашиглалттай биш зөвхөн Үндэсний их баяр наадмын үеэр нэг ашиглагддагаас засвар бага хийгддэг, хуучирч, элэгдээд байгаа юм. Үндсэндээ наадмын үеэр л нэг будаг, засвар хийдэг. Цаашдаа Хүй долоон худгийг "Монгол наадам" цогцолбор болгон тохижуулж, тэнд наадамладаг болно. Харин Төв цэнгэлдэх хүрээлэнгээ байнгын ашиглалттай спорт цогцолбор болгоё гэж хэлэлцэж байна" гэж нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл ярьсан юм.

Худалдаа үйлчилгээ явуулах зөвшөөрлийг хэзээ, хэрхэн олгох вэ?


Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг энэ долдугаар сарын 05-наас эхлэн олгож эхлэх юм байна. Энэ жил төв цэнгэлдэх хүрээлэнд 500, Хүй долоон худагт 300 иргэн, аж ахуйн нэгжид наадмын талбайд худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох аж. Зөвшөөрлийгиргэд харъяа дүүргийнхээ Үйлдвэр үйлчилгээний хэлтэст хандан хүсэлт гаргаж авах бөгөөд төлбөрийн тухайд өнгөрсөн жилийн жишгээр 15 мянган төгрөг байх бололтой. Наадмын талбайд ажиллах бизнес эрхлэгч иргэд, байгууллагуудад дүүргээс заасан стандартын асар майхан, сандал, суудлыг бэлдсэн байх, хүнсний аюулгүй, эрүүл байдлыг сайтар хангах, соёлтой, боловсон, хог тарилгүй цэвэрхэн үйлчлэх зэргийг шаардах гэнэ. "Хуушуурын үнийн хөөрөгдөлд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хяналт тавьж ажиллана. Худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэд, аж ахуйн нэгжүүдэд дүүргүүдийн үйлдвэр үйлчилгээний хэлтэс, мэргэжлийн хяналтын газрууд хяналт тавьж ажиллана. Мөн наадмын өдрүүдэд аж ахйн нэгжүүдийг архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхгүй байх шийдвэр захирамжыг баяр наадмын өмнө гаргана" гэж Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа хэллээ.

999 уртын дууч дуулж, 999 бүжигчин биелнэ


Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын ёслолын урлагийн тоглолтыг Төрийн соёрхолт, Гавъяат жүжигчин Д.Сосорбарам удирдан, найруулахаар болсон билээ. Энэ жилийн наадмыг үндэсний язгуур урлагаа дээдэлсэн, монгол бахархалыг төрүүлэхүйцээр зохион байгуулах гэж байгаа бололтой. Уламжлал ёсоор наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж үг хэлсний дараагаар 999 дуучид уртын дуугаа уянгалуулж, 999 бүжигчин үндэстэн ястнуудын бие биелгээ, бүжгийг бүжих юм байна.

Наадмын өдрүүдэд иргэдэд тулгардаг ганц бэрхшээл бол автомашины түгжрэл, зогсоолын асуудал. Үүнийг хэрхэн зохицуулахаар төлөвөснийг Замын цагдаагийн газрын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга дэд хурандаа Ц.Ариунболдоос тодруулахад "Зогсоолын талбайн нөөц хүрэхгүйгээс шалтгаалан Дүнжингарав худалдааны төв, Мишээл экспо төв зэрэг томоохон зогсоолтой байгууллагуудын гаднах талбайд иргэд автомашинаа байрлуулж болно. Тухайн зогсоолоос иргэдэд үнэгүй автобусаар үйлчилж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн өмнө хүргэж өгнө. Стадионы өмнө, ойролцоо зогсох автомашины зөвшөөрлийг энэ жилээс Нийслэлийн засаг даргын тамгын газраас олгож байгаа. Зөвшөөрлийг хэрхэн олгох тухай хараахан шийдэгдээгүй байна" гэсэн юм.


Наадмын тасалбарыг 16, 20, 24 мянган төгрөгөөр худалдаална


Баяр наадмын тасалбарын үнэ урьд жилүүдийнхтэй адил үнээр буюу Төв цэнгэлдэхийн суудал, байршлаас хамаарч 16, 20, 24 мянган төгрөгийн ханштай байх гэнэ. Наадмын тасалбарыг энэ сарын 06-наас эхлэн Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний кассуудаар худалдаалах ажээ. Жил бүрийн наадмын билет  олдоц багатайгаас иргэд билетийг өндөр үнээр дамлан зардаг. Энэ нь үнэхээр зохицуулах аргагүй, давагдашгүй хүчин зүйл болоод байгаа гэдгийг хотын удирдлагууд хэлж байсан юм.

Хэдэн төгрөгөөр наадамлах вэ?


Энэ жил Үндэсний их баяр наадмыг нэг тэрбум 581 сая төгрөгөөр тэмдэглэн өнгөрүүлэх төсвийг Засгийн газраас энэ сарын 08-нд баталсан. Үүнээс 350 сая төгрөгийг баяр наадмын үйл ажиллагааны орлогоос, 380 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс, 11.2 сая төгрөгийг өнгөрсөн оны баяр наадмын үйл ажиллагааны орлогын давалтаас санхүүжүүлж үлдсэн 840 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтсон билээ. Наадмын нийт зардлын 18.2 хувь буюу 288,9 сая төгрөгийг бай шагналын зардалд, 241,3 сая төгрөгийг 15.3 хувийг урлаг соёлын арга хэмжээнд, 443.1 сая төгрөгийг тохижилт үйлчилгээ, 141.8 сая төгрөгийг хэв журам сахиулах, онцгой байдлын зардалд, 466.3 сая төгрөгийг наадмыг зохион байгуулах бусад арга хэмжээний зардалд зарцуулах юм байна.

Д.ЖАРГАЛСҮРЭН

0 comments:

Post a Comment