Thursday, April 18, 2013

Хот дотор хайрга олборлож байжээ

Урин дулаантай уралдан нийслэлд барилга, зам засвар, тохижилтын ажил эхэлдэг. Зам засвар, барилгын ажилд хамгийн ихээр хэрэглэдэг хайрга, элсийг зөвшөөрөлгүйгээр олборлох байдал газар авчээ. Туул голын эрэг дагуух хайрга олборлолтыг зогсоох шийдвэр гарсан учир нийслэлийн гэр хорооллын өндөрлөг газруудад хулгайгаар хайрга олборлох явдал гарах болжээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг 805 дугаар ангийн хойд талын ууланд зөвшөөрөлгүйгээр карьер ажиллуулж, хайрга олборлох болсон байна. Үүнээс болж том чулуунууд айл өрхүүд рүү өнхөрч унах болсны дээр ухсан нүхэнд нь цас борооны ус тогтож, багахан хэмжээний нуур тогтсон нь иргэдийг айдаст автуулсан байна. Учир нь дээрх газарт урьд өмнө нь хүний амь нас эрсдэж байжээ. Иргэдийн энэхүү гомдлын дагуу МХЕГ-аас улсын байцаагч томилон ажиллуулж хууль бус ажиллагааг зогсоосон байна. Хариуцсан хорооны ажилтнууд болон дүүргийн газрын албаны мэргэжилтнүүдийг очиход "Баяар" ХХК–ийн нэр дээр авсан Цагаан даваанаас хайрга олборлох тусгай зөвшөөрлийг үзүүлж, бид энд чулуу бутлах цех ажиллуулна хэмээн тайлбарлаж байсан гэнэ. Чулуу бутлах цехийг айлуудын дунд байгуулах нь бүү хэл хотоос зайдуу газарт хөдөлмөр хамгааллын өндөр шаардлага доор хийхгүй бол их хэмжээний тоос, тоосонцор дэгдддэг байна. Гэтэл хотын төв дунд шахам хайрга олборлох, чулуу бутлах зөвшөөрлийг олгоод байгаагийн учрыг холбогдох албаныхан, тэр дундаа Ашигт малтмалын газраас тайлбар өгөхийг иргэд шаардаж байна.

Д.ЦЭЭНЭ

0 comments:

Post a Comment