Sunday, April 21, 2013

“Д.Загдсүрэн зохих газартаа л нотлох хэрэгтэй”

"Д.Загдсүрэн зохих газартаа л нотлох хэрэгтэй"

Монголын үндэсний олимпийн хорооны асуудлаар Д.Загдсүрэнгийн хийсэн мэдэгдэлдтэй холбогдуулан бид Олон улсын оюутны спортын холбоо /ОУОСХ/-ны ерөнхий санхүүч, МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалангаас ярилцлага авснаа хүргүүлж байна.

-Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Загдсүрэнгийн мэдэгдлийг үзсэн үү. Таны тухай дурдсан байна лээ?

- Д.Загдсүрэн албан тушаалаа ашиглан олон нийтийн байгууллагын өмчийг хувьдаа завшсан асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаагаа  өнгөрсөн онд болсон Үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгчийн сонгуультай холбохыг оролдсон байна лээ. Энэ хоёр асуудал бол хоорондоо огтхон ч холбоогүй юм. Тэр хүн олон нийтийн байгууллагын өмч хөрөнгийг шамшигдуулж, хувьдаа завшсан тухай яриа, асуудал олон жил яригдаж ирсэн. Би Олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч байхдаа хүртэл энэ асуудлыг хөндөж, нээлттэй, тодорхой болгооч гэж хэлж байсан.  Олимпийн хорооны өмч, хөрөнгө, санхүүтэй холбоотой асуудал, хувьдаа завшсан тухай асуудлыг хөндсөн тавьсан спортын зүтгэлтнүүдийг урваач, хутган үймүүлэгч, атаархагч мэтээр элдэв нэр хаяг зүүж, гадуурхаж ирсэн. Харин ч би тэдний тавьсан шүүмжлэлийг хүлээн авч, хэрэв өмч, хөрөнгийн гажуудал байгаа бол ил тодоор ярилцах, цаг алдалгүй засаж залруулах хэрэгтэй гэж Загдсүрэнд зөвлөж байсан.

Харин одоо уг асуудал хуулийн байгууллагын өмнө сөхөгдөөд, шалгаж нягтлаад ирэх үед болоод өнгөрсөн сонгуультай холбох гэж оролдож байгаа нь нэлээд цөхрөнгөө барсаны шинж гэж бодож байна.

-Уг мэдэгдлийн дагуу бол таныг үндсэндээ энэ асуудлыг сөхөж хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа гэсэн санаа яваад байна.

 - МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Олимпийн хорооны удирдлагуудтай холбоотой асуудлаар би нэг ч байгууллагад асуудал тавиагүй, дэвшүүлээгүй, зохион байгуулаагүй, хэнийг өдөөн хатгаагүй  болохыг өмнө нь ч би албан ёсоор мэдэгдэж байсан, одоо ч хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Харин Загдсүрэн спортын байгууллагыг ашиглан олсон мөнгөөр хувьдаа өмчтэй болж, үүнийгээ спортын зориулалтаар ашиглаж байгаагаа спортын хөгжилд дэм болсон, буян хийсэн мэтээр Олимпийн чуулган дээр ил тодоор мэдэгдэж байсныг бодоход энэ хүн өмчийн харилцаа болон зориулалтын ялгааг ойлгоогүй байгаагийн илрэл юм. Олон улсын спортын байгууллага нэн ялангуяа Олон улсын олимпийн хорооны зарчимд спортоос олсон мөнгийг спортод нь зориулах, аливаа албан тушаалтаны өмч, хөрөнгийн хэрэгсэл болгохын хатуу хориглосон байдаг. Олимпийн хороонд сайн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэх санал тавихад энэ бол зөвхөн Засгийн газарт л байдаг асуудал гэсэн гаж итгэл үнэмшилтэй юм байна лээ.

-Та Загдсүрэн, Дорлигжав прокурор хоёртой ямар нэгэн тохироо, яриа хийсэн юм уу?

 -  Харин өмч хөрөнгө завшсан асуудал нь хууль хяналтын байгууллагад шалгагдаж аргагүй байдалд ороод ийм ор үндэсгүй худал мэдээлэл гаргаж, олон түмнийг төөрөгдүүлэх гэж оролдож байгаа нь мухардалд орж, аргаа барсны шинж байх.

Хөрөнгө мөнгө хувьдаа завшаагүй, шамшигдуулаагүй бол зохих шатны хуулийн байгууллагад баримт нотолгоогоо гаргаж өгөөд л гэм буруугүйгээ батлах учиртай. Сонин хэвлэлээр мэдэгдэл гаргаж, ил захидал бичсэнээр гэм буруугүй болчдоггүй байх.

А.АМАР

0 comments:

Post a Comment