Sunday, April 21, 2013

ХӨСҮТ-д сүрьеэтэй хоригдлыг эмчилж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тасагт ШШГЕГ-ын харъяа хорих 429 ангиас ялтан залууг шилжүүлэн, эмчилж эхэлжээ.

Энэ талаар ШШГЕГ-ын албаны эх сурвалжаас тодрууллаа.

-Ялтныг хэзээ, ямар учраас эмнэлэгт шилжүүлсэн бэ?

-Өнгөрсөн баасан гариг буюу энэ сарын 19-нд Хорих 429 дүгээр ангийн хүмүүжигчийн сүрьеэ өвчин хүндэрч, биеийн байдал муудсан тул ХӨСҮТ-д шилжүүлэн эмчилж байгаа.

- Хорих 429 дүгээр ангид сүрьеэ өвчнийг эмчилдэг тасаг, мэргэжлийн эмч нарын баг ажилладаг. Ямар учраас ХӨСҮТ-д шилжүүлсэн бэ?

-"Хорих ангид ял эдэлж байгаа хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн ялтныг орон нутгийн болон төвийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн эмчлэхийг хориглоно" гэх журмыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар энэ сарын 15-нд хамтарсан тушаал гаргаж, хүчингүй болгосон. Энэ шийдвэрийн дагуу гуравдугаар шатлалын эмнэлэгт хүмүүжигч, ялтныг эмчлэх боломжтой болсон. Хорих 429 дүгээр ангид сүрьеэ өвчин туссан хүмүүжигчдийг эмчилдэг. Тухайн хүмүүжигчийг гуравдугаар шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай учраас шилжүүлсэн гэв.

Хорих 429 дүгээр анги нь 61-ийн гармын ойролцоо байдаг бөгөөд Глобал сангийн дэмжлэгтэйгээр сүрьеэгийн тасаг байгуулж, хүмүүжигчдийг эмчилж эхэлсэн юм. Одоогоор ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүжигч нь олон эмэнд тэсвэртэй, хүнд төрлийн сүрьеэ өвчнөөр өвчилсөн тул нарийн мэргэжлийн оношлогоо эмчилгээ шаардлагатай тул ХӨСҮТ-д шилжүүлэн эмчлэх зайлшгүй шаардлагатай байсан бололтой.

"Жирийн иргэдийг эмчилдэг эмнэлэгт хууль хяналтын байгууллагынхан хөлхөж, хоригдол шилжүүлэн авчирсанд тун таагүй байгаа. Иргэдийн сэтгэл санаа гэсэн түшүүртэй, хэцүүхэн байна. Уг нь тэр хорих анги нь сүрьеэ өвчнийг эмчилдэг тасагтай гэсэн. Ямар учраас ачаааллаа даахгүй, хүлээгдэл үүсээд байгаа эмнэлэгт хэрэгтэн авчирч эмчлүүлж байгаад эмнэлгийнхэн эгдүүцэж байгаа" гэж ХӨСҮТ-ийн эх сурвалж хэллээ.

Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэд "Эрүүл мэндийн сайд Н.Удвал намын дарга Н.Энхбаярыг эмчлэх гэж гаргасан шийдвэр нь олон мянган гэмгүй, жирийн иргэдэд айдас, сэтгэлийн түгшүүрч өгч байна. Хоригдлууд хэвтэн эмчлүүлдэг мэргэжлийн эмнэлэг байгуулах нь зүйтэй. Ар гэрийнхнийгээ улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх аргагүй болж" гэж үзэж байгаа аж.

Д.ЖАРГАЛСҮРЭН

0 comments:

Post a Comment