
Англи хэлний хөтөлбөрийн магадлан итгэмжлэх холбоо буюу CELPA, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөрийн яам, TOEIC шалгалтын үндэсний төв, Монголын бизнесийн зөвлөл, АНУ-ын Боловсролын үнэлгээний төв (ETS), "Heinle Cengage Learning" байгууллага хамтран "Ажлын байрны англи хэлний боловсрол" олон улсын симпозиумыг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Тус симпозиумд Монголоос гадна АНУ, БНХАУ, Япон, Австрали зэрэг найман орны судлаач эрдэмтэд илтгэл тавьж хэлэлцүүлэхээс гадна төрийн болон хувийн хэвшлийн 150 орчим удирдах ажилтнууд, ажилтан албан хаагчид, оюутан судлаачид гэсэн өргөн төлөөлөл оролцох ажээ. Энэхүү симпозиумаар англи хэлний боловсролын асуудлыг олон талаас нь хэлэлцэж, Монголын залуу боловсон хүчнийг дэлхийн зах зээлд өрсөлдөх түвшинд хүргэхэд англи хэлний гүйцэтгэх үүргийн талаар ярилцах юм байна. Түүнчлэн ажлын байрны англи хэлний боловсролын асуудлыг түлхүү авч хэлэлцэхээр төлөвлөжээ. Уг симпозиум хоёр өдөр үргэлжлэх бөгөөд судлаачдын илтгэлийг товхимол болгон хэвлүүлж, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагууд болон их дээд сургуулийн ном сангууд, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудад хүргүүлэхээр болжээ.
Т.ДАРХАН
0 comments:
Post a Comment