Monday, April 1, 2013

Сонордуулга

"Жигүүр Гранд Групп" ХХК нь Монгол Улсад анхдагч болох олон өмчлөгчтэй байгууламжийг барьж ашиглалтад өгсөн нь "Гранд плаза" цогцолбор юм. Өдөр тутмын хэвийн, аюулгүй үйл ажиллагааг хангах болон олонд танигдсан худалдаа үйлчилгээний цогцолбор болох хүртэлх хугацаанд "Гранд плаза"-гийн ашиглалтын үйл ажиллагааг өөрийн мэргэжлийн баг бүрэлдэхүүнээр гүйцэтгүүлэн ажиллаж байсан ба 2012 оны 8 сараас өмчлөгчдийн "Маргад Шилтгээн" ТББ-д бүрэн шилжүүлэн өгсөн.

Тодорхой хэлбэл, энэхүү цогцолборын ашиглалтын үйл ажиллагаа нь "Жигүүр гранд" группийн мэдлийн бус "Маргад Шилтгээн"ТББ-ын 300 орчим өмчлөгч нарын үүсгэн байгуулсан ашиглалт, үйлчилгээний байгууллагад хамаарч ажилладаг юм.

Тус цогцолборт харьяалагдах РП-5 дэд станцын тухайд зөвхөн "Гранд плаза" гэлтгүй ойр хавийн барилга байгууламжуудыг цахилгаанаар хангах хүчин чадалтай, заавал мэргэжлийн байгууллага барьж гүйцэтгэх ёстой бүтээн байгуулалт юм. Иймд тус дэд станцыг барих ажлын тендерийг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газраас "Түгээх сүлжээний алдагдал бууруулах төсөл"-ийн хүрээнд "Дэлхийн банк"-ны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжихээр зарласан бөгөөд тендерт БНХАУ-ын CPHVEE компанийг гүйцэтгэгчээр шалгаруулан түлхүүр гардуулах нөхцөлтэй UBEDN-SS-1 гэрээг 2008 оны 09-р сарын 18-ний өдөр Эрдэс Баялаг, Эрчим Хүчний Яам, Түгээх сүлжээний алдагдал бууруулах төсөл хэрэгжүүлэх нэгж, УБЦТС ТӨХК-тай байгуулсан байдаг.

Гэвч өнөөдрийг хүртэл тус газар зөвхөн барилгын суурь ухаж тойруулан хашаа барьж ханын өрлөг нэртэй хэдэн тоосго өрж хаяснаас өөр ажил хийгдээгүй ба гүйцэтгэгч компани ор сураггүй алга болсон. Техникийн нөхцлийн дагуу уг станцаас цахилгааны тэжээлд залгагдах ёстой байсан боловч  "Баруун дөрвөн зам"РП-5 дэд станц нь /2009 оны 09-р сарын 18-ний өдөр ашиглалтанд орох ёстой байсан/ баригдаагүйн улмаас "УБЦТС"ХК, "Жигүүр Гранд Групп"ХХК, "Цахилгаан тээвэр"ХХК-ийн гурвалсан гэрээ байгуулж "Цахилгаан тээвэр"ХК-ний Эсгийлэх дэд станцаас /троллейбусны шугамнаас/ түр холболт хийсэн. Уг бульхайтай тендерийн асуудлаар хуулийн байгууллагад хандан шалгуулах хүсэлтийг гаргаж мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа болно.

Монгол Улсад мөрдөгдөж буй хууль дүрмийн талаасаа ийм боловч  нийгмийн хариуцлагатай компанийн хувьд "Жигүүр гранд" групп "бидний хэрэг биш" хэмээн хаядаггүй, тус цогцолборт асуудал тулгарсан цагт мэргэжлийн туслалцаа дэмжлэгийгудаа дараа үзүүлж ажилласаар ирсэн.

2013 оны 3 дугаар сарын 26-ны өдөр "Гранд плаза" цогцолборт гарсан цахилгааны гэмтлийн хувьд ч хамтарсан ажлын хэсэгт инженер техникийн ажилчдаа оруулан шаардлагатай арга хэмжээгээ аван ажиллаж, 29-ний өглөө хэвийн ажиллагаанд нь эргүүлэн орууллаа.

Энэхүү дэд станцын тухайд ч зохих төрийн байгууллага, албан тушаалтанд асуудлыг уйгагүй тавьж эрчимтэй хөөцөлдсөний үр дүнд 2013 оны улсын төсөвт үндсэн тэжээлийн РП-5 дэд станцыг барих зардлыг суулгаж чадсан. Энэхүү ажилд туслалцаа дэмжлэг үзүүлсэн салбарын сайд М.Сономпилд энэ дашрамд талархал илэрхийлье. Эрчим хүчний яамнаас уг дэд станцын зураг төсөл боловсруулах ажлыг дуусгаж, тендер зарлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шатандаа явж байна. Удахгүй энэхүү бүтээн байгуулалтын ажил хийгдэж, "Гранд плаза" байнгын, найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй болно.

"Алтай" хотхоны ойролцоо гарсан гэмтлийн шалтгааныг мэргэжлийн байгууллага шалгаж байна. Дүгнэлтээ удахгүй танилцуулах биз ээ.

"Жигүүр гранд" группийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


0 comments:

Post a Comment