Сурвалжлагчаас захирал хүртэл, туршилтыг шинэчлэл болтол
Өдөр бүр, бүр 24 цагийн турш уншигчдад шинэ мэдээлэл хүргэх үүргийг өөрсөддөө тохсон энэ хамт олныг удирддаг хүн нь Б.Тэмүүлэн.
"NEWS" агентлагийн захирал Баярмагнайн Тэмүүлэн VIP-ийн маань энэ удаагийн зочин юм.
АНХНЫ ШАН

"NEWS" агентлагт мэдээллийн News.mn сайт болон долоо хоногийн тутмын News week сонин, дүрст мэдээллийн News production харьяалагддаг. Энэ бүхний эзэн нь энд ажилладаг сэтгүүлчид өөрсдөө гэхээр бахархалтай санагдаж байна. Агентлагаа энэ зэрэгт хүргэсэн хүний нэг нь Б.Тэмүүлэн захирал. Төрийн төв хэвлэл байгаад хаагдсан Ардын Эрх сонины нэрийг 2004 оноос сэргээн авч, сониныхоо Ерөнхий эрхлэгч болон ажилласнаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч өдөр хэвлэл мэдээллийн нүсэр, заримдаа залхмаар энэ салбараас холдоогүй байсаар агентлагийн хэмжээнд хүргэжээ. Бэрхшээл саадыг даван гарсан, бас амжилтаараа бахархсан олон мянган өдөр өнгөрч сэтгүүлчид өөрсдөө бизнесийнхээ эзэн байж, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах болсон нь хэвлэл мэдээллийн салбарт анхны шанг татсан гэж болмоор...
Б.Тэмүүлэн: 2007 оны аравдугаар сард манай баг "News" гэж нэр авсан. Ингээд нэг бүтэц бүрэлдэхүүнээр хоёр бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн нь Ардын Эрх сонин болон News.mn сайт байлаа.
Нэг сувгаар олон мэдээлэл нийгэмд цацах зорилготой анхны гараагаа хийсэн. Манай хамт олон сониноо ч гаргана, сайтаа ч хийнэ, видео мэдээлэлтэй ч болно гэдэг зорилготой байсан учраас "NEWS" агентлаг гэж нэрлэсэн. Ардын Эрх, News.mn-ий дараа бид News production-аа байгуулсан. Тухайн үед нэг бүтцэд багтаж байсан Eagle телевизээр манай тоймчид "Сэдэв 360" тойм нэвтрүүлэг хийж үзэгчдийнхээ хүртээл болгож байсныг хүмүүс мэдэх байх. Цаашид сонирхолтой, эрэн сурвалжлагын, баримтат уран сайхны нэвтрүүлэг хийхээр бэлдэж байна. Төлөвлөгөө бол их байгаа. Хамгийн сүүлийн шинэчлэл бол сайтдаа видео мэдээ хийж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор хандалт маш их өссөн. Ер нь "News"-ийн онцлог бол үргэлж шинийг эрэлхийлэх, олон нийтэд шаардлагатай хэрэгцээтэй байгаа тэр хэлбэрээр нь мэдээллийг хүргэхийг эрхэмлэдэгт байдаг гэж хэлж болно. Биднийг анх 2007 онд мэдээллийн сайт гаргаж эхлэхэд сайтууд сонины зарчмаар ажилладаг, үйл явдлыг маргааш нь мэдээлдэг хэлбэртэй байсан. Харин бид үйл явдлыг яг газар дээрээс нь шууд мэдээлдэг болсон нь энэ салбарт хийгдсэн бяцхан "хувьсгал" байсан төдийгүй өнөөдөр Монголын хамгийн олон хэрэглэгчтэй мэдээллийн сайт болох амжилтын үндэс байсан юм. Хүн үргэлж амрыг эрэлхийлж байдаг болохоор тоймолсон мэдээллийг их уншиж, видео мэдээг үздэг болжээ. Уншигчдадаа аль болох амархан, аль болох олон кноп дарахгүйгээр хүссэн мэдээллээ авах чиглэлрүү бид явж байна...
2012 онд хэвлэл мэдээллийн анхдагчдыг тодруулахад манайхыг Монголын анхны хувийн мэдээллийн агентлаг гэж өргөмжилсөн. Анхны хувийн мэдээллийн агентлаг гэдгээр түүхэнд үлдсэн. Цаашид гэрлийн хурдаар хувьсан өөрчлөгдөж байгаа мэдээллийн технологийн хөгжил дэвшлээс хоцрохгүй байж, салбарынхаа тэргүүлэгчдийн эгнээнд байхаар зорьж байна.
ШИНЭ БЭЛЭГ
Нэгэнт салбартаа танигдсан энэ хамт олны уншигчдад хамгийн сүүлд хүргэсэн шинэ бэлэг, бүтээгдэхүүн нь News week сонин. Ардын Эрх сонин, News.mn сайтыг амжилттай эрхлэн гаргасан мэргэжлийн сэтгүүлчдийн баг News week-ийг уншигчдын оюуны талх байлгахын төлөө ажиллаж эхэлжээ.
Б.Тэмүүлэн: Манай сонины нэр "Хураангуй бичиг". Бид долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг хураангуйлан бичиглэнэ. Энэ нэрээ толгойдоо тавьсан байгаа. "NEWS"-ийн гаргаж байгаа сонин, бас долоо хоног тутамд гэдэг утгаар давхар News week гэж нэрлэсэн. Дэлхий нийтийн долоо хоног тутмын хэвлэлүүдэд тавигддаг шаардлага хангасан, бас Монголын уншигчдын онцлогийг харгалзсан сонин болгохоор зорьж байна. Долоо хоног тутамд 20 мянган хувь хэвлэж, Улаанбаатар хот болон орон нутагт тараана. Манай редактор нийтлэлчид хувь эзэмшсэн бидний хамтын бизнес учир бүгд л эрвийх дэрвийхээрээ оролцож, анхнаасаа ажил маань маш бүтэмжтэй байна. Хамтран ажилладаг байгууллагууд ч бүх талаар дэмжиж тусалж байгаа. "News" бол үнэхээр олны итгэлийг даасан мэдээллийн хэрэгсэл болж чаджээ гэдгийг энэ өдрүүдэд тод мэдэрлээ. Бүр анхны дугаараа ч гаргаагүй байхад харилцагчид маань реклам сурталчилгаагаа өгсөн шүү. Сонины зах зээл нэлээд хүндрэлтэй байгааг бүгд мэднэ. Гэтэл бид анхныхаа дугаарын өртгийг нөхчихсөн. Цаашид сониноо улам сайн болгохыг л хичээж ажиллана даа.
ШИНЭЧЛЭЛЭЭС АЙДАГГҮЙ ХАМТ ОЛОН
"NEWS" агентлагийн баг байсхийгээд л туршилт хийдэг. Тэр туршилт нь шинэчлэл болж хувирдаг. Салбартаа ямагт шинийг эрэлхийлж, хамгийн олон туршилтыг давж гарсан хамт олон бол эднийхэн юм. Ардын эрх сонинг гаргадаг байхдаа нэг л өдөр News.mn сайтыг давхар гаргаж эхэлсэн. Мөн телевизийн салбарт ч хөл тавьж, News продакшнаараа нэвтрүүлэг хийж эхэлсэн. Хэдхэн өдрийн өмнө шинэ сонин гаргалаа. Энэ олон алхмуудаа тэд "Шинэчлэл бол хөгжлийн үндэс" гэж хэлэх юм билээ.
Б.Тэмүүлэн: "News"-ийн хамгийн үнэтэй зүйл бол сэтгүүлч, редакторуудын баг. Бид 2004 оноос хойш хамтдаа байна. Манайд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, танигдсан олон нийтлэлч байдаг. Аливаа асуудлыг нэг өнцгөөс бус олон талаас нь хардаг сэтгүүлчид олон бий. Манай Д.Нарантуяа, Ш.Мягмарсамбуу, Д.Оюунцэцэг, Ц.Булганзаяа, З.Боргилмаа, А.Алтантуяа, Б.Бадамгарав, Л.Нарантөгс М.Энхмандах нар бол мэргэжлийн хэмжээнд бэлтгэгдсэн баг. Үүний хажуугаар өсч яваа ирээдүйтэй олон залуу сэтгүүлч бидэнтэй ажилладаг. "News"-ийн бас нэг онцлог бол мэдээллийн технологийн мэдлэгтэй сэтгүүлчдийн цоо шинэ үеийг төрүүлж байгаа явдал. Манайд IT мэдлэгийг бүрэн эзэмшсэн шинэ үеийн боловсон хүчин бэлтгэгдэж байна. Хамт олноо би чадварлаг залуу баг гэж хэлнэ. Манай баг дахин дахин шинэчлэл хийдэг. Тэрнээсээ айдаггүй. 2007 онд анх нэг редакц дээр хоёр бүтээгдэхүүн гаргахыг туршиж, /Ардын Эрх, News.mn/ цалингаа яаж өгөхөө мэдэхгүй байсан үе бий. Одоо гольдрилдоо орсон. Сэтгүүлчдээ эдийн засгийн онол, мөнгөний бодлого, санхүүгийн зах зээлийн талаар гэх ч юмуу тухайн цаг үед шинээр гарч ирж байгаа бүхний талаар хамгийн түрүүнд мэдлэг мэдээлэлтэй болгохыг чармайдаг. Энэ ч утгаараа 2007 онд анх "Либератари номын сан" редакцдаа аялуулж байлаа. "Хувь заяагаа өөрөө сонгох нь", "Боолчлогдох зам" гээд номнуудыг манайхан дамжуулан уншиж, тэр хэрээр ертөнцийг үзэх үзлээ тодорхойлсон гэж боддог.
ИРЭЭДҮЙ
Б.Тэмүүлэн захирал "News"-ийн хамгийн үнэтэй зүйл "манай баг" гэсэн. "Том хөрөнгө оруулагчгүйгээр бүтээгдэхүүн үйлдвэрлээд ирээдүйгээ хэрхэн харж байна вэ" гэсэн асуултад "Манай салбарт дахин хуваарилалт явагдаж байна. Том хөрөнгө оруулагчид сонин, телевиз, сайт бүгдийг нь багтаасан медиа группууд байгуулж байна. Дэлхий нийтийн чиг хандлага ч ийм байдаг. Энэ дунд өөрсдөө бие даах нь тийм ч амаргүй. Техник технологийн энэ шинэчлэл, өрсөлдөөн дунд миний хамгийн гол зэвсэг бол манай мэргэшсэн баг, хамт олон" хэмээсэн юм.
Б.Тэмүүлэн: Хэвлэл мэдээллийн байгууллага нүсэр байх шаардлагагүй болжээ. Бидний хийдэг ажлын талыг олон нийтийн мэдээллийн сүлжээ хийж байна. Манай сайтын "Ireport" булан сайн дурын 7000 сэтгүүлчтэй. Тэд "Өнөөдөр энд цас орж байна, шуурга болж байна" гэдгээс эхлээд зарим тохиолдолд ямар ч сэтгүүлчийн дуулаагүй, сонсоогүй мэдээллийг оруулдаг. Бас Фэйсбүүк хуудасны 45 мянган хэрэглэгч байна. Твиттэрээр манайхыг дагадаг хэчнээн ч хүн байдаг юм. IT технологийн давуу тал энэ. Энэ шинэчлэлд ороод ирэхээр нүсэр том редакц шаардлагагүй болж, хуучны редакц гэдэг ойлголт бас шинэчлэгдэж байгаа юм. Бүгд л энэ хандлага руу явж байгаа байх. Энэ шинэчлэлд хэвлэл мэдээлэл хамгийн их нэрвэгдэж байгаа боловч бас хамгийн их олз олох салбар юм.
ТОП МЕНЕЖЕР БОЛСОН ТҮҮХ
Тэрбээр өөрийгөө "NEWS" агентлагийн менежерийн ажлыг аялуулдаг хэмээн яриандаа дурьдав. Хэвлэл мэдээллийн салбар хөгжихийн хэрээр сэтгүүлчээс гадна энэ салбарт өөрийн топ менежерүүд гарч ирсэн. Тийм хүмүүсийн нэгэнд Б.Тэмүүлэн захирлыг нэрлэж болно гэж бодож байна. Энэ үүднээс зочныхоо менежер болсон түүхийг бага ч атугай сөхөхийг зорилоо.
Б.Тэмүүлэн: Анх энэ салбарт хөл тавьсан тухай дурсахад, би Ардын Эрхийн "Шавь" сургалтын төгсөгч. Энэ сургалтын арга барил надад их таалагддаг. Биднийг редакцид оруулаад нэр хүндтэй сэтгүүлчид шавьлуулна. Багш нь дугаараа уншиж байхдаа ч зааварлаж, завсраар нь бидний бичсэнийг хараад, засаад эрээлээд өгнө. Эсвэл шууд даалгавар өгч, шалгана. Мөн онолын хичээл үзнэ. Бид юу ч чаддаггүй л очиж байсан. Багш нараасаа маш их юм сурсан. Одоогийн редакцууд тийм биш болсон юм шиг санагддаг...
Сурвалжлагч болчихоод хамгийн эхлээд хуримын хувцасны анхны салон нээгдсэн тухай мэдээ бичлээ. Би ч аль болох их мэдээлэл өгөх гээд тийм, тийм хувцас байна, тийм тийм үнэтэй гээд бичсэн чинь "Чи зарлал бичлээ" гэж загнуулаад буцаад нөгөө салон руугаа явж байв. Тэр болгон мартагддаггүй. Миний хувьд Ардын Эрхийн "Шавь" сургалтад тухайн үеийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга Ө.Энхтүвшин багшийнхаа шавь байсан. Энэ ч утгаараа хуучны мундаг сэтгүүлчдийг сонсчихсон. Аль зүгт явахаа тэднээр заалгачихсан, мэргэжлийн дөр орсон гэж боддог. Бас хамтарч ажиллаж байсан хөрөнгө оруулагч нараасаа маш ихийг сурсан. Хэвлэлийг зөвхөн уран бүтээл биш бизнес юмаа гэж харж сурахад тэд маш их тусалсан. Хэвлэлийн бизнесийг удирдах ухаанд тэднээр багшлуулсан. Энэ бүхнийг туулж байж л энэ салбарын менежер болно.
АСУУЛТ, ХАРИУЛТЫН ХЭДЭН ХОРОМ
-Хэвлэл мэдээлэл эрхлээд явж байхад улс төрчид, бизнесмэнүүд хэвлэлийнхний нэрлэдгээр "Бор шувуу" гаргуулах хүсэлт их тавьдаг уу?
-Яг үнэндээ хүсэлт их ирнэ. Хэвлэл мэдээлэл олон талын эх сурвалжтай байх ёстой. Ер нь чөлөөт хэвлэлийн амин сүнс нь хүн бүрийн үгээ хэлэх эрх чөлөө юм шүү. Тэр ч утгаар би хүн болгоны үзэл бодол, байр сууриа илэрхийлэх хүсэлтийг нь дэмжихийг боддог. Гэхдээ эх сурвалж ил тод, баталгаа нотолгоотой, мэргэжлийн түвшний шаардлагыг хангасан байхыг шаарддаг. Ажил маань биднээс болгоомжтой хянуур, мэргэшсэн байхыг шаарддаг. Өөрсдөө мэдэлгүйгээр хүний гар хөл болох юм ч гарах магадлалтай. Түүнээс болгоомжилдог.
-Та "Мэргэшсэн сэтгүүлч" гэдэг үгийг нэлээд хэллээ?
-Энэ үгэнд их ач холбогдол өгөх ёстой гэж боддог. Мэргэшсэн байна гэдэг аль ч салбарын мэргэжилтний хувьд хамгийн чухал. Сэтгүүлч нэг салбараар дагнан бичвэл мэргэшинэ, өснө. Бас хэвлэлийн менежэрээр ч мэргэшиж болно. Ажилдаа эзэн байхыг л хэлж байгаа юм.
-"NEWS" гэдэг нэр "Бодь групп"-тэй холбогддог. Зарим хүмүүс магадгүй "NEWS"-ийг "Бодь" гэж хардаг. Харин одоо?
-Манай баг 2004 онд "Бодь групп"-ийн хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллаж эхэлсэн. Их ч олон зүйл сурч мэдсэн. 2012 онд эзэмшлийн хувьд өөрчлалт орж, бие даасан. Нийтлэлийн бодлого, явуулж байгаа үйл ажиллагаа, эзэмшлийн хувьд гээд бүхэлдээ бие даасан. Бидний бичсэн мэдээ болгоноос ямар нэг эзэн эрж хайдаг байсан бол одоо тийм юм байхгүй.
-Ардын Эрх яасан бэ?
-Ардын Эрх хуучин хөрөнгө оруулагчдын маань өмч. Тэд Ардын Эрхийг дараагийн шатанд гадны томоохон хэвлэлтэй хамтарсан байдлаар үргэлжлүүлэн гаргана гэсэн зорилт тавьсан. Энэ зорилго удахгүй биелэх болов уу гэж бодож байна. Гэхдээ бид гаргахгүй, өөр баг гаргана.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин


0 comments:
Post a Comment