Friday, March 29, 2013

“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал боллоо

"Хариуцлага, хяналт, хэрэгжилт" цахим хурал боллоо

Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон ЗГХЭГ-аас яам, агентлагийн сар бүрийн ажлыг дүгнэн үүрэг чиглэл өгдөг "Хариуцлага, хяналт, хэрэгжилт" ээлжит цахим хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн цахим хурлаар Дорноговь аймагт орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж баригдах талаар, мөн эдгээр бүтээн байгуулалтад иргэдийн санал, санаачилгыг тусгаж ажиллах, энэ оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэхэд Замын-Үүдийн боомтыг өргөтгөх ажлыг дуусгасан байхыг Ерөнхий сайд холбогдох яамдын Сайд нарт үүрэг болгов.

Маргааш болох Засгийн газрын хуралдаанаар Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг сумдын бүтээн байгуулалтад зориулж тус бүр 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Хурлын үеэр Ерөнхий сайд төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг шударгаар үнэлж, урамшуулах тогтолцоог бий болгох нь зүйтэй талаар ярив.

Ирэх сарын 27-29-ний өдрүүдэд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хурал Улаанбаатар хотноо зохиогдох бөгөөд энэ үеэр 4 дүгээр сарын 29-ний ажлын өдрийг амралтын өдөр болгох талаар тэрбээр мэдэгдлээ.

Цахим хурлын төгсгөлд Ерөнхий сайд Н.Алтанхуяг төрийн албан хаагчдыг хариуцлагатай, төлөвлөсөн ажлаа хугацаанд нь дуусгаж шуурхай ажиллах ёстойг зөвлөв. Дараагийн цахим хурал 4 дүгээр сарын 26-ны өдөр болно.

Эх сурвалж: http://www.moh.mn/

0 comments:

Post a Comment