МИАТ-ийн хэрэгт дахин нэг сэжигтнийг баривчиллаа

Зургийн тайлбар: 2011.11.18 Баянгол зочид буудал
"Дайны эрсдлийн даатгал" нэрээр мөнгө угаасан МИАТ-ийн хуучин удирдлагуудын хэрэгт дахиад нэг хогбогдогч нэмэгджээ. Өнгөрөгч лхагва гаригийн орой УМБГ-ынхан энэ хэрэгт холбогдуулан Голомт банкны ажилтан Г.Саранчимэг гэх эмэгтэйг баривчлан саатуулсан байна. Тус банкны Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн дэргэдэх зургадугаар салбарт ажилладаг энэ эмэгтэйг Эрүүгийн хуулийн 166-ийн1.3 буюу мөнгө угаасан хэрэгт сэжигтнээр баривчилжээ.
МИАТ "Дайны эрсдлийн даатгал" нэрээр компаниас угаасан мөнгөний хэмжээ одоогоор зургаан сая 928 мянган ам.долларт хүрээд байгаа, үүнээс Монгол руу эргэж орж ирсэн 4,7 сая ам.долларын эзэн холбогдогчийг цагдаагийнхан тогтоосон тухай бид өмнө мэдээлсэн. МИАТ-ийн захирал асан Ц.Орхон, Санхүү эрхэлсэн захирал Ч.Хоролсүрэн болон нягтлан бодогч Н.Гантөмөр нарын гэр бүлийнхнийхээ хамт холбогдоод байгаа энэ хэргийн улмаас тэдний нэр дээр хадгаламжид байсан 13,9 тэрбум төгрөг, хоёр сая ам.долларыг цагдаагийнхан банкинд нь битүүмжлээд байгаа билээ. Хамгийн сонирхолтой нь дээр дурьдсан хоёр сая ам.долларын хадгаламж Өвөрхангайд Ч.Хоролсүрэнгийн эхнэрийн эгчийн хүүхдийн данснаас илэрсэн байна. Зүгээр л малын бэлчээрт хонь хариулаад явж байсан охин ганцхан өдөр ам.долларын саятан болчихсон байх нь тэр.
Үүнтэй адилхан тохиолдол сая дахин илэрчээ. Хэргийн холбогдогчид Голомт банкинд Сүхээгийн Туяа гэгч хадгаламж эзэмшигчийн нэр дээр 1,4 тэрбум төгрөг байршуулсан нь тогтоогдсон байна. Хадгаламж эзэмшигчийг шалгаад үзтэл 1994 онд тус банкинд данс нээлгэснээс хойш нэг ч удаа дансаа ашиглаагүй гэдгээ хүлээжээ. Энэ мөнгийг тус банкны ажилтан Г.Саранчимэг түүний нэр дээр шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Ц.Орхон, Ч.Хоролсүрэн нарын МИАТ компаниас угаасан мөнгийг өөр хүний нэр дээр байршуулах, нуун далдлах буюу "угаах" ажлыг тэр эмэгтэй хариуцдаг байсан бололтой. Хэрвээ та 10-20 жилийн өмнө аль нэг банкинд данс нээлгээд мартаж орхисон бол хааяа нэг шалгаад үзчихэд гэмгүй л юм байна. Хэн нэг луйварчин хаа нэгтэйгээс хулгайлсан мөнгөө таны дансанд нуучихсан байж таны олз болох ч юм билүү, хэн мэдлээ. Ер нь бол төсвийн болон төрийн өмчийн компаниас хулгай хийсэн нөхдүүд хулгайлсан мөнгөө шууд өөрийнхөө нэр дээр хийдэггүй, хамаатан садан, гэр бүлийнхнийхээ дансанд нуудаг, тэднийхээ нэр дээр үл хөдлөх хөрөнгө болгодог байсан бол одоо хэн нэгний ашигладаггүй дансанд байршуулчихаад хэсэг хугацааны дараа эргүүлж авдаг болсон юм байна.
Мөн өмнөх МИАТ-ийн хэрэгт холбогдон нэр дурьдагдсан ТӨХ-ны дарга асан Д.Сугарын нэр дээр ч дахин нэг үл хөдлөх хөрөнгө бүртгэгджээ. Токиогийн баячуудын хороололд 48 сая иенээр байр худалдаж авсан Цэцийн гишүүн маань Өмнөд Солонгосын Чэжү арал дээр 300 мянган ам.доллараар бас нэг байр худалдаж авсан нь илэрчээ. Бид л мэддэггүй болохоос биш ер нь бол мань хүн Монголд нүүдлийн шувуу шиг л амьдардаг юм байна л дөө...
Б.ЗАЯА

0 comments:
Post a Comment