
Өнгөрсөн нэгдүгээр сард Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан Монгол - Япон улсын Засгийн газар хоорондын "Бага нүүрстөрөгч бүхий хөгжлийн түншлэл"-ийн гэрээний ач холбогдлыг талууд сайшаагаад уг түншлэлийн хүрээнд Монгол улсад хог боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэдэг үйлдвэр байгуулах боломжийн талаар ярилцлаа. Японы ЖАЙКА байгууллага сүүлийн 5-6 жил Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох талаар ажиллаж байгаа. ЖАЙКА байгууллагын туршлага, өмнө гүйцэтгэсэн ажлын үр дүнд үндэслэн хог боловсруулах үйлдвэр байгуулахад тус байгууллагыг оролцуулах, Япон улс санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгийг ноён Руютаро Ятцу хэлсэн байна. Түүнчлэн хог хаягдлын асуудлаар Улаанбаатар хот, Япон улсын Ёкохама хот хооронд хамтын ажиллагаа тогтоож, хог боловсруулах үйлдвэрийн технологи нэвтрүүлэх, үйлдвэр байгуулах асуудлыг Японы талаас санал болгожээ.
Мөн Япон улсын Байгаль орчны яам, Азийн бүсийн орнуудын дунд хил дамнасан агаарын бохирдлын асуудлаар түншлэлийн механизм бүрдүүлэх саналыг санаачлан боловсруулснаа дурдаад ойрын үед албан ёсоор Монголын талаас санал авах гэж байгаагаа дуулгажээ. Уулзалтын төгсгөлд дэд сайдууд хоёр яамны бодлогын зөвлөлдөх уулзалтыг ирэх наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар хэлэлцэж тохиролцсон байна.
Д.Цээнэ

0 comments:
Post a Comment