Wednesday, July 3, 2013

“Цэвэр агаар” сангийнхан завшсан мөнгөөрөө байр, машин авчээ

"Цэвэр агаар" сангийнхан завшсан мөнгөөрөө байр, машин авчээ

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  "Цэвэр агаар" сангийн захирал Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан бодогч М.Хулан, түүний туслах нягтлан бодогч А.Болдмаа /анх няраваар ажилд орж байжээ/ нарыг өнгөрөгч зургадугаар сарын 27-нд эрүүгийн хэрэг үүсгэн, цагдан хорьсон бол долдугаар сарын 1-ний өдөр БОНХЯ-ны ажилтан Д.Цэцэгээ, "Цэвэр агаар" сангийн мэргэжилтэн Б.Чимэд-Эрдэнэ нарыг мөн цагдан хорьсон байна. Энэ хэргийн талаар Нийслэлийн Прокурорын орлогч Ц.Батболдоос тодрууллаа.

-"Цэвэр агаар" сангийн холбогдох албан тушаалтнуудад ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа вэ?

-Мөрдөн байцаалтын ажиллагаа  дөнгөж эхэлж байна. Одоогийн байдлаар гурван тэрбум 56 сая төгрөгийг хувьдаа ашигласан байх үндэслэл тогтоогдоод байгаа. Цагдан хоригдсон таван хүнд эрүүгийн хуулийн 263.2 буюу албан тушаалын байдлаа урвуулсан, 150.3 буюу аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан, 273.3 буюу төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр сэжигтнээр татаад байна.

-Ямар  үйлдлүүд нь тогтоогдсон бэ?

-2011 онд "Цэвэр агаар" сан нь "Шарын гол Энергио Болд" компанитай түлш нийлүүлэх гэрээ гэгчийг байгуулж, 2.7 тэрбум төгрөг шилжүүлээд, буцааж авч ашигласан, "Шарын гол дулаан" компанитай шахмал түлш нийлүүлэхээр мөн гэрээ байгуулж, 240 сая төгрөг, "Хорчихуй булаг" компанид сургалтын төлбөр нэрээр 116 сая, "Экологи анализ инженеринг" компанитай зөвлөх үйлчилгээ, судалгаа шинжилгээ, мониторингийн үйлчилгээ авахаар 373 сая төгрөг зэргийг шилжүүлсэн ч гэрээнд тусгагдсан зориулалтаар ашиглаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, дээрх мөнгийг өөрсдийнхөө үүсгэн байгуулсан компаниудын данс руу хуурамч гэрээ байгуулан шилжүүлж, эргүүлээд үл хөдлөх хөрөнгө, машин зэргийг худалдан авдаг байсан нь тогтоогдсон. Мөрдөн байцаалтын  ажиллагаа үргэлжилж байна.

С.ОТГОНСҮРЭН

0 comments:

Post a Comment