Tuesday, June 25, 2013

“Петрочайна” буруутай нь тогтоогдов

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар "Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл" ТББ-ын нэхэмжлэлтэй "Петрочайна дачин Тамсаг" ХХК-д холбогдох иргэний хэргийн талаар гарсан Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэр, Нийслэлийн шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хариуцагчийн гаргасан хүсэлтийг өчигдөр /06-25/ хянан хэлэлцжээ.

Хуралдаанаас хариуцагч "Петрочайна дачин Тамсаг" компанийн гаргасан хүсэлтэд хавсаргасан баримтууд нь  хэргийг хянан шийдвэрлэх үед мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нөхцөл байдлыг илрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Ингэснээр Петрочайна дачин Тамсаг" компани Дорнод аймгийн Матад сумын нутагт газрын тосны хайгуул, олборлолт хийхдээ биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийгээгүйгээс байгаль орчинд учруулсан хохирол 1.3 тэрбум төгрөгийг орон нутагт төлөхөөр болж байна. Энэхүү хохирлыг тооцоолохдоо 2005-2009 хооронд олборлолт явуулахдаа нөхөн сэргээлт огт хийгээгүй гэдэгт үндэслэжээ. Тус компанийн хувьд гурван шатны шүүхээр буруутай нь тогтоогдчихоод байхад хоёр ч удаа шинээр илэрсэн нөхцөл байдал гэгчийг гаргаж ирэн, хохирлоо төлөхөөс татгалзаж байсан юм.

С.ОТГОН

0 comments:

Post a Comment