Томоохон худалдааны төв, захууд өнөөдөр амарна

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай" захирамж гаргасан. Энэ захирамжийн дагуу сонгуулийн санал өвөх өдөр гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хүнс, барилгын материал, мод модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүд өнөөдөр ажиллахгүй юм байна. Гэтэл нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээ явуулдаг зарим байгууллагууд бизнесийн эрх ашгийн үүднээс сонгуулийн санал хураалтын өдөр амрахгүй, ердийн хуваарийн дагуу ажиллах тухай ажилтнууддаа мэдэгдээд байгаа аж. Нийслэлийн Засаг даргын захирамжийг зөрчиж, сонгуулийн өдөр ажилласан албан газар, байгууллагуудад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас анхааруулж байна.
Хотын даргын захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд мөн сонгуулийн тойрог, хэсгийн хороодын хэвийн ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж, санал авах байрыг телефон утас, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах, нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
Д.ЖАРГАЛ
0 comments:
Post a Comment