Thursday, June 27, 2013

Гол дүрийн баатрууд

"Өөртөө аянга хурааж, өрөөл бусдад буян үйлдэж, түмэн хуулийн учрыг ухах гэж, түүнээс үнэний учгийг сүвлэх гэж яваа би хуульч хүн" П.Бадарч


Анх хуульч гэх мэргэжлийн талаарх ойлголт маань хэлбэр талаас нь харсан л төсөөлөл байж. Ганган хар хослол, арьсан цүнх, ажил хэрэгч хурдан алхаа, зөрж өнгөрөх хүмүүсийн хүндэтгэсэн харц, уран цэцэн үгс урсгаж, хуулийн заалтыг ишлэн үндэслэл гаргаж буруугүй үйлчлүүлэгчээ аварч гарах баатар, ер нь бол хамгийн сонирхолтой киноны гол дүр мэт.

Гэвч энэхүү "төсөөллийнхөө", зорилгоо ойлгочихсон нэгний хувьд "төслийнхөө" гол дүр болохын тулд яаж хичээж, хэрхэн өөртэйгээ тэмцэж, хэчнээн шөнийн нойроо хугаслаж, хэдэн хуудас ном уншиж, хэдий их хууль тогтоомж сөхөж, сөхөрч, хэд шантарч, хэдэн удаа өөрийгөө ялж байж зорьсондоо хүрдэг гэдгийг даанч ойлгоогүй байв. Энгийнээр агуулгыг нь ойлголгүйгээр хэлбэрт нь татагдсан төдий байж.

Салбар маань ширүүн. Ар өврийн хаалганыхан байтугай, авъяас чадвартай нь орох зай хомс. Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд 3500 гаруй хуулийн мэргэжилтний орон зай байна гэдэг бол өнөөдөр хуульчийн мэргэжил эзэмшихээр 35 мянган оюутан суралцаж байна гэж адлагддаг. Хичээлийн хөтөлбөрийнх нь "рам"-нд нь баригдаж, багшийн бичсэнийг хуулж бичээд, яагаад ийм заалт байх болсныг ойлгохгүйгээр цээжилж, урсгал даган хөвөх энгийн нэг хуулийн сургуулийн оюутан ирээдүйд туслах дүрээс цааш хэтрэхгүйд л гол учир бий.

Гэвч хуульчид ажилладаг хомс орчны хүрээ улам хумигдав. Чадварын өрсөлдөөн, хариуцлагын шалгуур жинхэнэ утгаар өндөрсөх нь ойлгомжтой. Хүн болж төрөхийн дайны гэж хэтрүүлж болохгүй ч бараг сонгуульд нэр дэвшихийн хэмжээний өрсөлдөөний дүнд хуульч болох боломжтой болж буй. Өмнө нь хуульчийн сургууль төгссөн л бол "хуульч" хэмээн тооцогддог байсан бол одоо хуульчийн шалгаруулалтанд тэнцэж тусгай лиценз авсны дараа л хуульч гэж хүлээн зөвшөөрөгдөх болж байна. Бүр тодруулбал, хуулийн сургууль төгсөөд шүүн таслах үйл ажиллагаанд оролцож маргаан шийдвэрлэх явцад мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй хүмүүсийг л хуульч гэхээр болж байгаа хэрэг.

Хариуцлага дээр тулгуурласан хуулийн шинэ орчин хуульчдийг өөртөө байнгын шинэчлэл хийхийг шаардав. Төр биш, хуульчид өөрсдөө анх удаа өөрсдийнхөө үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог, хяналт тавьдаг, цуцалдаг, хуульчдынхаа хариуцлагын тогтолцоог бий болгох зохион байгуулалтанд орлоо. Хүрээ өргөн, хариуцлага султайгаас алдаа гарч, алдаа гарснаас нэр хүнд унасан юм бол хариуцлагыг чангалснаар чадвар сайжирч, чадвар сайжирснаар хуульчийн нэр хүнд өсөх боломжтой болж буй юм. Төр гэх зүйлийг хий шүүмжилж суух цаг өнгөрч, өөрсдөө оролцож, өөрсдийнхөө асуудлыг шийдэх эрх ирэв. Чадаж байгаа нь үлдэж, чадахгүй бол хүрээнээс гарах тоглоомын дүрэм үйлчлэхээр болов.

Шуурганаар бүргэдүүд л нисдэг шиг, түүхэнд манлайлагчид л дурсагддаг шиг, бариан дээр шандастай нь торойдог шиг,  хуулийн чанга орчинд "чанга хуульчид" л үлдэнэ. Харин тэнд үлдсэн хуульч бүхэн гол дүрийн баатрууд байх болно.

Хүмүүст асуудал, зовлон тохиоход тэд гэнэтхэн бурхныг санадаг шигээ түүнээс тусламж гуйдаг мэргэжил бий. Тэдний нэг нь хуульч. Зарим үед хийхийг хүсэхгүй ч хийхээс аргагүй зүйлээ хийдэг мэргэжил бий. Тэдний нэг нь хуульч. Хэзээ ч суралцаж дуусашгүй гэх мэргэжил бий. Түүний нэг нь хуульч. Хэзээ ч үнэ цэнээ алдахгүй мэргэжил ч гэж бий. Тэр бол хуульч. Хуульч- эрх зүйч гэх мэргэжлийг сонгосноор л анхны үүргүүдтэйгээ учирдаг. Яагаад гэвэл хуульч гэх мэргэжил нь хүний болоод өөрийн хувь заяаг шийдэх, нөлөөлөхөд чухал үүрэгтэй, нэр хүнд бүхий нарийн мэргэжил учраас. Яагаад гэвэл маргааш нэг хүнд туслахын тулд өнөөдөр суралцаж буй учраас. Хуульч гэх нэрийн өмнө хүндэтгэл, нэр хүнд байдаг ч ард нь хариуцлага, нэр төр байдаг. Энэ мэргэжлийг эзэмшсэнээр эрх бий болох хэдий ч үүрэг ч мөн дагалдаж ирдэг. Энэ мэргэжлийг сонгосноор зөвхөн өөрийнхөө төлөө бус бусдын төлөө хариуцлага хүлээх замыг сонгодог. Энэ мэргэжлийг сонгосноор хариуцлагатай амьдралыг ч, зорилготой ирээдүйг ч сонгох болдог.

Зорилготой, хариуцлагатай амьдралыг сонгосон гол дүрийн баатруудад ганц зам л бий. Зөвхөн урагшаа. 

Б.ЭНХМАНДАХ Хуульчдын өдөрт зориулав

0 comments:

Post a Comment