XXI зуун бол цахим сэтгүүл зүйн эрин
Давуу тал бол мэдээж хурд. Тавхан минутын өмнө болсон осол юмуу сонин содон үйл явдлын мэдээг өнгө дүрстэйгээр хэрэглэгч сонины шинэ дугаар хүлээлгүй, телевизийн мэдээллийн хөтөлбөрийн цагийг хүлээлгүй авч чадаж байна. Сонины талбайн зай, телевизийн минутад баригдалгүй хүссэн хэмжээгээр мэдээлэл авч чадаж байна.
Харин дутагдалтай тал нь үнэн бодит эсэхийг хэрэглэгч таних аргагүй. Энэ сөрөг тал мөн л технологийн дэвшилтэй холбоотой. Худал мэдээллийг бодит мэтээр эвлүүлэн түгээх нь ёстой гарын үзүүрийн ажил болжээ. Нэн ялангуяа сошиал медиа гэж нэрлэгдэж байгаа Facebook, Twitter сүлжээгээр цацагдаж байгаа мэдээллийн хэдэн хувь нь үнэн гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй. Үүнд мөн Youtube сувгийг ч оруулан тооцох учиртай. Сошиал медиа ашиглан тараасан хамгийн сенсаацтай худал мэдээллийн сүүлийн жишээ нь медиа форум эхлэхээс хоёр хоногийн өмнө болсон Ассошейтед Пресс агентлагийн Twitter-ийг хакердсан явдал юм. Хакерчид Ассошейтед Пресс агентлагийн Twitter руу нэвтрэн орж "Цагаан ордныг бөмбөгдлөө. Ерөнхийлөгч Барак Обама шархадлаа" гэсэн мэдээлэл үлдээгээд "Сирийн электрон арми" гэсэн хаяг бичсэн байсан юм. Хэдийгээр 15 минутын дараа энэ мэдээлэл худал болохыг Ассошейтед Пресс залруулсан ч "муу" мэдээг соргог мэдэрдэг хөрөнгийн биржийн индексүүд хурдан савалж 15 минутын дотор 200 тэрбум ам.долларын хохирол учирсан.
Үүнтэй холбоотойгоор цахим сэтгүүл зүйн бас нэг сул тал гарч ирж байгаа юм. Энэ бол аюулгүй байдал. Монголчууд бидний 70 жил амьдарсан хуучин системийн үед аюулгүй байдал гэдгийг буу барьсан цэрэг хил дээр зогсоно гэж төсөөлдөг байсан бол одоо үед мэдээлэл хэмээх гарт баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй, гэхдээ асар хүчтэй үр нөлөө дагуулж болох зүйлтэй холбон ойлгох цаг иржээ. Цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь дэлхийн хэвлэл мэдээллийн том байгууллагуудын хамгийн их анхаарал хандуулдаг, хөрөнгө оруулдаг зүйл болоод байгааг форумын оролцогчид онцолж байлаа.
Хэдийгээр сошиал медиагийн сүлжээ өнөө цагийн сэтгүүлчдийн мэдээллийн эх сурвалж болж байгаа ч үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэх хүн цөөн байна.
Мэдээллийн дайн өрнөж байна
Харин ОХУ-ын "Russia Today" сонины сэтгүүлч Александр Гурнов мэдээллийн дайн явагдаж байгааг 2008 онд болсон ОХУ-Гүржийн зөрчлөөр жишээ аван ярилаа. "Энэ үйл явдлын үеэр гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, тэр дундаа ВВС зөвхөн нэг талын мэдээгээр асар хүчтэй "бөмбөгдсөн". Харамсалтай нь тэд бодит мэдээлэл өгөх үүргээ умартсан" гэлээ.
Дэлхийг хэрсэн мэдээллийн сүлжээ үнэхээр бодит үнэнийг өгүүлж байна уу, монголчууд бидний хүлээн авч байгаа мэдээлэл үнэн үү. Энэ форумд одоо ид халуун цэг болоод байгаа Сирийн Мэдээллийн яамны Тогтмол хэвлэлийн газрын захирал Набил Омран болон сири гаралтай сэтгүүлч Акрам Хузам нарын мэтгэлцээнээс энэ асуултын хариуг хайя. Акрам Хузам нь хэдийгээр сири гаралтай ч сүүлийн арваад жил эх орондоо амьдраагүй, АНУ-ын Алкурра телевизэд хөтлөгч хийдэг, орос эхнэртэй эрхэм байсан гэдгийг онцолъё. Сирийн Засгийн газрын төлөөлөгч "Дэлхий нийтээр нэгдээд Сирийн эсрэг мэдээллийн дайн хийж байна. Барууны хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн хэрэгслүүд үнэнийг огт мэдээлэхгүй, зөвхөн Ерөнхийлөгч Ассадыг муугаар харуулахыг зорьж байна. Сиричүүд хоорондоо байлдаад байгаа юм биш. Тэнд зэвсэглэсэн мэргэжлийн алан хядагчид зөвхөн Ассадын эсрэг дайн өдөөж байна. Сэтгүүлчид та нар ирж бодит үйл явдлыг нүдээр үзээч" хэмээн гуйхад Акрам хариуд "Би очъё гэсэн хүсэлт тавьсан ч та нар хүлээн авахгүй байгаа шүү дээ. Та нар зөвхөн хүссэн сэтгүүлчээ оруулаад байнга дагалдан хамт явдаг, үнэнийг сурвалжлах боломж олгодоггүй" хэмээн амыг нь таглав. Харин энэ форумаа дуусгаад Улаанбаатарт буутал Монголын телевизээр Арабын "Хувьсгалын ээж" гэгдсэн Иеменийн сэтгүүлч хатагтай Тавакул Карман "Сирид гэм зэмгүй хүүхдүүд амиа алдаж байна" хэмээн нулимс унагаж байлаа.
Хэнийх нь ярьсан үнэн юм бол? Хэнд итгэх вэ? Чухамхүү энэ асуултыг та XXI зууны иргэн юм бол өөртөө тавьж өөрийн үнэнийг олох сонголт байна. Хэвлэл мэдээлэл бол буяны хоол үнэгүй тараадаг газар биш, үзэл сурталжсан нэг намын дарангуйлал бүхий улс оронд амьдраагүй л бол та олон талын, олон өнгө аястай мэдээллийн дунд амьдрах нь тодорхой. Энд форумийн бас нэг оролцогчийн үгнээс эш татахыг хүсч байна. Их Британийн сэтгүүлч Жулиан Нунди ингэж ярьсан юм. "Над нэг сайн найз бий. Тэр бол Wikipedia-г үүсгэн байгуулагч. Би түүнтэй Нью Йоркод таараад ингэж асуулаа. Facebook мөнгө сайн олж байна. Харин чи 19-хөн метр кв өрөөнд амьдарч байна. Мөнгө олохыг хүсэхгүй байгаа юм уу гэтэл тэр хариуд нь "Wikipedia-г мөнгөний талбар болгомооргүй байна. Энэ бол өөр түвшин. Ямарваа нэг худал мэдээлэл Wikipedia-д байхгүй. Энэ бол том ялгаа. Миний бодлоор мэргэжлийн сэтгүүлчийн нэг том үүрэг бол үнэлж цэгнэх явдал" хэмээн хэлсэн"
"Өөр түвшин" гэдгийг мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай сэтгүүл зүй хэмээн ойлгож болох юм. "Өөр түвшин"-д хүрээгүй хэвлэл мэдээлэл ямар хор нөлөөтэйг Афганистаны Үндэсний телевиз, радиогийн Гадаад харилцаа хариуцсан захирал Абдул Рахман Панжшири ийн ярьсан. "Өчигдөр би нэг казах охинтой ярилцлаа. Тэр афганчуудаас айдгаа хэлсэн. Яагаад энэ охин биднээс айх болов. Миний бодлоор бидний талаарх ташаа мэдээлэл Зөвлөлтийн цэрэг Афганистанд орох үеэс эхэлсэн. Оросуудыг манай нутгаас гаргахыг хүссэн улс орнууд зорилгодоо хэвлэл мэдээллийг ашигласан юм. Оросуудыг гаргахын тулд лалын суурь үзэлтнүүдийг дэлхий даяар дэмжиж эхэлсэн. Харин оросууд Афганистанаас гарсаны дараа олон улсын терроризмийн тухай ярьж эхэлсэн. Үнэндээ терроризмтай бид ямар ч холбоогүй. Бид хэзээ ч террористууд байгаагүй. Хэдэн жилийн өмнө алан хядагчдыг бэлтгэдэг сургуулийн төсгөлтийн гэрчилгээ гардуулах ёслолын тухай баримтат кино үзсэн юм. Гэрчилгээ авсан 350 алан хядагч дотор нэг ч афган үндэстэн байгаагүй. Чечен, узбек, пакистан зэрэг гаралтай хүмүүс байсан. Хүмүүсийг алан хядагчид болон алан хядагчид биш гэж хуваасан хэвлэлийнхэн одоо энэ ташаа ойлголтоо залруулж, энх тайван тогтоохын төлөө ажиллах ёстой. Гэхдээ үүнийг зөвхөн хараат бус хэвлэл мэдээлэл л хийж чадна" гэсэн юм.
Эцсийн бүлэгт бидний яриа яван явсаар хараат бус хэвлэл мэдээлтэй байх, мэдэх эрхтэй байх, мэдээлэлтэй байх эрх гэсэн зарчмын ойлголт руугаа ирлээ. Улиг болсон мэт санагдах эдгээр эрх монголчуудад байна уу. "Манай салбарт бодох, тунгаах, эргэцүүлэх, шийдэх асуудал маш их байна" хэмээн Дарига Назарбаева форумын нээлт дээр хэлсэн. Энэ үг Монголын хэвлэл мэдээлэлд ч адилхан хаяглагдаж байгаа юм.
0 comments:
Post a Comment