Friday, May 3, 2013

Хэвлэлийн эрх чөлөө хэнийх вэ?

-"Энэ бол сэтгүүлчдийн эрх чөлөө" гэж хэрэв та хариулж байгаа бол асуудал дахиад л явцуурлаа гэсэн үг. Яагаад гэвэл үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх, мэдэх эрх бол зөвхөн хэн нэг сэтгүүлчид хамаатай ойлголт биш харин хүн бүрийн язгуур эрх ашгийн асуудал юм-

"Хэвлэлийн эрх чөлөө хэний эрх чөлөө вэ" гэсэн асуултыг УИХ-ын гишүүн М.Батчимэг хууль тогтоогчдод болон сэтгүүлчдэд тавьсан юм. "Энэ бол сэтгүүлчдийн эрх чөлөө" гэж хэрэв та хариулж байгаа бол асуудал дахиад л явцуурлаа гэсэн үг. Яагаад гэвэл үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх, мэдэх эрх бол зөвхөн хэн нэг сэтгүүлчид хамаатай ойлголт биш харин хүн бүрийн язгуур эрх ашгийн асуудал юм. Тэр тусмаа ардчилал оршин тогтнох эсэх үндэс нь энэхүү эрх чөлөө хэр баталгаажихаас хамаарна. Тийм учраас хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нээх, эзэмших эрхийг иргэн бүрт нээлттэй олгодог. Өөрөөр хэлбэл, үүнд төрийн зүгээс тусгай зөвшөөрөл олгодоггүй, зөвхөн бүртгэдэг. Монголд өнөөдөр нийтдээ 800 орчим хэвлэл, мэдээллийн хэрэгсэл бүртгэгдсэнээс 500 орчим нь тасралтгүй болон байнгын үйл ажиллагаа явуулж байгаагийн учир шалтгаан нь энэ юм. Энэ нь хэвлэлийн эрх чөлөө нээлттэй байгаагийн нэг  илрэл. Мөн хэвлэлийн эрх чөлөө гажуудаж байгаагийн нэг шалтгаан. Сайн, бас муу гэсэн үг.

Судалгаагаар бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтмол ашигладаг хүн амын тоондоо хэтэрхий олондсон сонин, телевиз, сэтгүүл, радио ажиллаж байгаа аж. Зах зээлийн эрүүл зарчмаар бол аль хэдийнэ хэдэн зуугаараа дампуураад дуусах, зөвхөн шилдэг хэд нь үлдэх ёстой байв. Гэтэл бүгдээрээ оршин тогтнож болоод байгаагийн цаад шалтгаан нь гэвэл ихэнх нь ардаа санхүүжүүлэгчтэй, түүнийхээ эрх ашигт үйлчлэх зарчмаар амьдардаг гэсэн логик эндээс харагдана. Хэвлэл, мэдээллийн эрх чөлөө гэдэг ойлголтыг тойрч яригддаг өнөөдрийн гол бэрхшээл нь чухам энэ. Хэвлэл, мэдээлэл худалдагдсан. Сэтгүүлчийн үзэл бодлыг худалдаж авдаг. Иргэдийн эрх ашгийг биш эзний эрх ашгийг хамгаалдаг. Ийм хэдэн үзүүлэлтээр "эрх чөлөөний эсрэг зөрчил"-ийг авч үздэг болоод буй. Үүний цаана өнөөх л иргэн хүний мэдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх зөрчигдөж байна гэж иргэний нийгмийнхэн үздэг. Тэгэхээр хэвлэлийн эрх чөлөө хаана зөрчигдөж байна тэнд сэтгүүлчид биш иргэд хохирч байна гэсэн үг. Шуудхан хэлэхэд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл өөрсдөө хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн гүйцэтгэгчид болж таарч байна. Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг аливаа үйлдлийн эцсийн хохирогчид нь сэтгүүлчид биш иргэд гэсэн үг.

Уг нь "хэвлэлийн эрх чөлөө хэний эрх чөлөө вэ" гэсэн асуултад "Иргэний эрх чөлөө" гэсэн зөв хариултыг өгөх, ухамсарлах ёстой жинхэнэ эзэн нь төр өөрөө юм. Хууль тогтоох, төсөв батлах, бодлого тодорхойлох эрх мэдлийг хэрэгжүүлдэг  улстөрчдөд иргэдийн өмнөөс хяналт тавих үүрэгтэй хэвлэлийнхнийг хааж боох, эс чадвал худалдаж авах аливаа оролдлого, санаархал төрийн зүгээс л гардаг. Тэр тохиолдол бүртээ сэтгүүлчдийн эрхийг биш иргэдийнхээ эрхийг зөрчиж байгаагаа ойлгодоггүй учраас "Хэвлэлийн эрх чөлөө хэнийх вэ" гэсэн асуултыг анхаарлын төвд тавих шаардлагатай болсон хэрэг. Өнгөрсөн намрын чуулганаар Хэвлэл, мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлгийн явцад санаачлагчид нь буцаан татсан нь чухамдаа дээрх асуултын хариулт гажсантай холбоотой. Хууль тогтоогчдын олонх нь хэвлэл, мэдээллийн хэрэгслийг өөрийг нь хянах, зохицуулах нэрийн дор иргэдийн мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх рүү халдахыг санаархсан гэхэд болно. Дахиад л хэвлэл, мэдээллийн хэрэгслийг гэмт үйлдлийнхээ "гүйцэтгэгч" болгохыг хүссэн хэрэг.

"Хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах замаар хүний язгуур эрх ашгийг хамгаалах ёстой", "Мэдэх эрхээрээ дамжуулан иргэд эрх мэдлийг хянах хүчтэй болно" гэсэн тунхаглалаар үйл ажиллагаагаа тодорхойлдог нэгэн төрийн бус байгууллага бий. Тэр нь "Глоб интернэйшнл" байгууллага. Тус байгууллагын тэргүүн, сэтгүүлч Х.Наранжаргал "Засгийн газар 2010-2012 оны хооронд гаргасан гурван удаагийн журмаараа дамжуулан мэдээллийн агуулгад шууд хяналт тавьж эхэлсэн" гэв.

Өмнө нь мэдээллийн агуулгад хяналт тавих эрх зүйн үндэс байгаагүй, үүнийг арилжааны аргаар дам зохицуулж ирсэн гэж болно. Тэгвэл ардчилсан Засгийн өнгөн дээр хуулийн аргаар мэдээллийн агуулгад хяналт тавих боллоо. Тэгэхээр өнөөдрийн бодит дүр төрх бол Төр өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэнийхээ эрх чөлөөнд халдагч, харин сэтгүүлчид "хууль ёсны" гүйцэтгэгчид болж буй явдал.

З.БОРГИЛМАА

0 comments:

Post a Comment