"Талын жононгууд" ХХК-ийн "Мини амьтны хүрээлэн" нь Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд 200 кв.метр талбай түрээслэн 30 төрлийн 100 гаруй амьтантайгаар үйл ажиллагаа явуулдаг байжээ. Гэтэл Аялал жуулчлалын үндэсний төвөөс улсын өмчийн газрыг түрээслэх ёсгүй гээд дөрөвдүгээр сарын 20-ны дотор уг газрыг чөлөөлөхийг шаардсан байна. Уг шаардлагыг эсэргүүцэн газрын асуудлыг шийдэж өгөхийг холбогдох албаны хүмүүст хүсэлт илгээсэн ч хариу ирээгүй тул өнөөдөр ийнхүү Ерөнхийлөгчид хандахаар болсон гэлээ.
"Талын жононгууд" ХХК-ийн захирал Л.Сайнбат "Өнөөдөр хүүхдүүдийн тоглох орчин хязгаарлагдмал, паркийн тоглоом хэтэрхий үнэтэй, кино театрууд ч мөн ялгаагүй. Хэрэв "Мини амьтны хүрээлэн"-гийн газрыг нь төрөөс шийдээд өгчихвөл би хүүхдүүдийг парк дээр 4000 төгрөгөөр тоглуулдаг тоглоом дээр 100 төгрөгөөр тоглуулах боломжтой" гэлээ. Мөн "Ямар ч гэсэн Ерөнхийлөгчид уулзах хүсэлтээ гаргалаа, хэзээ уулзахыг Ерөнхийлөгч хариу хэлэх байх. Бид хүүхдүүдийг зөвхөн зургадугаар сарын 1-нд баярлуулдаг биш, үргэлж баярлуулдаг байхыг л хүсч байна" гэв.
Хэрэв энэхүү газрын асуудал шийдэгдэхгүй бол 1000 иргэн, 100 хүүхэд, 100 амьтны жагсаал хийхээр төлөвлөж байгаа ч дурдлаа.
М.НАРАН
0 comments:
Post a Comment