Thursday, April 25, 2013

XIV Далай багшийн номын айлдварын тов гарчээ

Ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишэнин хутагт дээрхийн гэгээнтэн анхлан 2011 оны 10 дугаар сард XIV Далай багшид бараалхах үеэрээ "Монголчуудад зориулан тусгайлан айлдвар сургаалиа хайрлаач" хэмээн хүсэлт өргөсөн ажээ. Далай багш ч энэхүү хүсэлтийг баяртай хүлээн аваад, "Би Монголд ойр ойрхон очоод байж чаддаггүй. Очсон ч богино хугацаагаар, шахуу хөтөлбөртэй очдог. Харин Монголчууд маань Дармасала хотод хүрээд ирвэл  3, 4 өдрөөр бол ном айлдаж болно" гэж айлдаж байж.

Саяхан жил бүр уламжлал болгон Дармасала хотод зохиогдох "Монгол сүнчой" буюу Монголчуудын номын өдрүүдийн 2013 оны тов гарчээ. Түүгээр ирэх арванхоёрдугаар сарын 2-4 өдрүүдэд Дээрхийн гэгээн XIV Далай багш Монголчуудад зориулан Дармасала хотноо шарын шашныг үндэслэгч Богд Зонхова ламын таван ламрим хэмээн алдаршсан бодь мөрийн зэргийн хөтөлбөр номуудын хоёр нь болох Лам зово намсүм (Мөрийн 3-н эрхэм), Ёндон ширжүрма (эрдэм бүгдийн суурь) номуудыг тайлбарлан айлдаж шавь нараа барцад саадгүй, энх тунх урт наслан номыг үйлдэхийн тухайтад Цэван буюу насны авшиг болон маани, мэгзэмийн лүн хайрлахаар болсон аж.

Ламын гэгээнтний зүгээс багшийгаа урт наслаж шашин амьтны тусыг өнө удаан үйлдэхийн тухайтад зориулж Далай багшдаа нийт Монголчуудаа төлөөлөн даншүг буюу бат-оршил өргөх юм байна.

Дашрамд сонордуулахад, "Монгол сүнчой" зохион байгуулагчдын зүгээс сүсэгтэн олноо энэхүү номын айлдварт хүргэхийн тулд Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" компанийн онгоцыг Улаанбаатараас Дармасала чиглэлд шууд нислэгийг гаргахаар төлөвлөж байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.dalailamamongolsunchoi.mn сайтаас авч болох ажээ.

Г.ДАРЬ

0 comments:

Post a Comment