Thursday, April 4, 2013

“Оролцоог бодит болгоё” аян үргэлжиж байна

"Оролцоог бодит болгоё" аян үргэлжиж байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын бодлого-шинэчлэл"  үндэсний чуулга ирэх сарын эхээр болох гэж байгаатай холбогдуулан "Оролцоог бодит болгоё" сарын аяныг эхлүүлсэн билээ. Уг сарын аяны хүрээнд өнөөдөр "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд хамран сургах нь" сэдэвт сургалтыг ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах албан тушаалтнуудын дунд зохион байгууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамт олон дунд сургах нь хүүхдийн бие даан амьдрах чадварыг дээшлүүлж, нийтэч, өөртөө итгэлтэй, бусдын адил сэтгэдэг, хүсэл тэмүүлэл, зорилготой байж сурч мэдэх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн нэгэн болж өсөх нь маш чухал ач холбогдолтой юм. Гэтэл өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бусдаас тусгаарлан, ганцаардуулж, чадварыг нь улам доройтуулж, нас биед хүрэхэд нь тэднийг жинхэнэ утгаараа нийгмээс гадуурхагдсан өөрийн байр суурьгүй, халамж аваад сууж байдаг хүн болгочихдог.

Иймээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан, багш нарт төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагаа, хууль тогтоомжийг сурталчлах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олны дунд хамруулан хөгжих дэлхийн жишгийг мэдээлэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн сургууль, цэцэрлэгт амжилттай суралцаж буй сайн жишээ туршлагыг судлуулах, таниулахад чиглэсэн сургалтыг явуулж байгаа юм.  Сургалтыг ХАХНХЯ, БШУЯ, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо, ХБИ-ын "Айвун" ТББ-ууд хамтран зохион байгуулж байгаа юм.  Өнөөдрийн энэхүү сургалтанд НАХНХЯ-ны төлөөлөл, БШУЯ-ны төлөөлөл, тусгай хэрэгцээт боловсролын сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нарын нийт 70 хүний бүрэлдэхүүнтэй болж өнгөрлөө.

Уг сургалтын үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн сургууль, цэцэрлэгүүд өргөнөөр хамруулахад тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх болон эдгээр хүүхдүүдийг анги хамт олон дунд нь түшиглэн хөгжүүлэх арга зүйд сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтнууд суралцах юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жирийн хүүхдүүдтэй зэрэгцүүлэн сургах нь хүүхдийн хөгжил, нийгмийн байр суурьд эерэгээр нөлөөлдөг бөгөөд уг зарчмыг дэлхийн ихэнх улс орнууд баримталдаг байна.

М.НАРАН

0 comments:

Post a Comment