Тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулахын тулд Монгол хэлний дүрмийг журамласан толь бичиг зохиож байсан эрдэмтдийн туршлага, бусад орны жишгийг судлан үзэж байна. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор монгол кирил бичгийн үсгийн дүрмийг журамласан толийг боловсруулах эрдэмтдийн баг, эх хэлний сургалтын стандарт, агуулгын хамрах хүрээ, хөтөлбөр боловсруулах боловсролын баг, түүнчлэн үйл ажиллагааг зохицуулах, уялдуудах үүрэг бүхий ерөнхий удирдлагын багийн зохион байгуулалтаар ажиллахаар болсон юм.
ШУА, Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, ОУМСХ, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв, Нийслэлийн боловсролын газар, зэрэг эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэд, ерөнхий боловсролын сургуулийн багш, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, ЗГХЭГ,БШУЯ, Төрийн хэлний зөвлөл болон бусад оролцогч талын төлөөллүүд ажлыг хэсэгт багтжээ.
Ажлын хэсгийн ахлагчаар Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг ажиллаж байгаа бөгөөд зохион байгуулалт, олон нийттэй харилцах шинэлэг менежмент ашиглахаар ажиллаж байгаа бөгөөд тэд өчигдөр анхны хурлаа хийсэн юм.
Энэ үеэр эрдэмтэд одоо хэрэглэгдэж байгаа замбараагүй толь бичиг, дүрмийг журамлаж нэгдсэн нэг толь бичигтэй болох ёстой гэдэг дээр санал нэгдсэн юм. Ингэхдээ Ц.Дамдинсүрэнгийн хэл бичгийн дүрмийг гол чигээ болгох, толь бичиг зохиогч эрдэмтэд минийх гэж өмчлөхгүй зөв санаагаа нэгтгэн авторгүй толь гаргах нь зөв гэж үзээд, нэгтгэн гаргасан тэрхүү толь бичгийн дүрмийг Засгийн газрын тогтоолын дагуу чандлан мөрдүүлэх, хэрэгжүүлэх ажлыг сайн зохион байгуулах хэрэгтэй гэдгийг хэлж байв. Тэдний хэлж байгаагаар хэрвээ эрдэмтдийн ойлголт нэгдэж чадвал зургаан сарын дараа монголчууд зөв бичгийн нэгдсэн тольтой болж чадах юм. Толь бичиг боловсруулагдсаны дараа хэвлэж, програм хангамжийн бүтээгдэхүүн болгох замаар хэрэглээ болгох аж. Ажлын хэсгийн анхны хурлын үеэр журамласан толины бэсрэг үзэсгэлэн, Монгол хэлний дүрэм, журамласан толь бүтээж байсан түүхийг харуулав.
Энэхүү тогтоолын агуулга нь бага насны хүүхдийн эх хэлний үгийн сангийн нөөцийг нэмэгдүүлж, сэтгэхүйг нь хөгжүүлэх сонирхолтой арга хэлбэрээр монгол хэлийг зааж сургах, бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөрт монгол хэлний хичээлийг заавал судлах хичээлээр оруулж, ерөнхий боловсролын сургууль төгсөгчид, их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэлбичгийн хичээлээр шалгалт авч байх журмыг мөрдүүлэх, Монгол, кирил бичгийн журамласан толь бичгийг шинэчлэн боловсруулж бүх нийтээр мөрдүүлэх, үсгийн дүрмийн алдаа засах програм боловсруулж хэрэглээнд нэвтрүүлэх, Төрийн албанд шинээр зарласан ажлын орон тоонд ажиллах хүмүүсээс монгол хэлбичгийн мэдлэгийн түвшнийг харгалзах ур чадварын шалгалт авч байх. Мөн Иргэдийн монгол хэлбичгийн мэдлэгийг дээшлүүлэх, монголоор зөв ярьж, бичих чадварыг сайжруулахад нөлөөлөх гол хүчин зүйл болсон хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээ, нэвтрүүлэг, шаардлага хангасан, утга зохиолын хэлний хэм хэмжээнд нийцсэн байхуйцаар олон нийтэд хүргэж байхыг тухайн байгууллагын удирдлага, нийт хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад зөвлөх, Төрийн албан хэрэг хөтлөх стандартыг бүх шатанд мөрдлөг болгож, төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, давтан сургалтад хамруулах ажлыг зохион явуулахыг засгийн газрын гишүүд, засгийн газрын агентлагийн дарга, бүх шатны засаг дарга нарт үүрэг болгон хэрэгжүүлэх зэрэг болно.
Б.ЭНХ
0 comments:
Post a Comment