Тавьсан шаардлага чинь талаар өнгөрчээ, ОБЕГ-ынхаан
- "Баянзүрх" худалдааны төв, "Барс I" зах, "Тумбааш" дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилсээр -
Энэ ч үүднээс ОБЕГ-аас хүн олноор цугладаг газруудад шалгалт хийж, шаардлага хангахгүй орчин нөхцөлд буюу хэзээ ч гал гарч болзошгүй нөхцөлд ажиллаж буй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан.
Тодруулбал, нэр бүхий 20 байгууллагын үйл ажиллагааг зогсоож зөрчил дутагдлаа арилгах талаар албан бичиг хүргүүлжээ.
Тодруулбал, "Метрополис", "Эргэн дурсахуй", "Дурсамж", "Амрита" диско баар, караоке, шөнийн клуб, "Тумбааш", "Сандэй плаза", "Баянзүрх" худалдааны төв, "Барс-1", зэрэг худалдаа үйлчилгээний газар, "Соёмбо" сүлжээ кинотеатр, "Улаанбаатар палас" ХХК-ийн үзвэрийн танхим зэрэг нэр бүхий газруудын үйл ажиллагааг зогсоосон юм.
Харин дээрх газрууд тавьсан шаардлагыг биелүүлж, үйл ажиллагаагаа зогсоосон уу. Тэд мөнгөөр хөшиг татчихаад хаагдсан нэртэй ч яг үнэндээ бол үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа.
Нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр. Учир нь монголын хууль гурав хоног гэгчээр үйл ажиллагааг зогсоосон, торгосон гэдэг ч биелэх нь ховор байдаг. Тиймээс ч бид дээрх газруудыг үнэхээр үйл ажиллагаагаа зогсоосон эсэхийг сурвалжлахаар замдаа гарсан юм.
Хоёр сарын хугацаанд үе шаттайгаар үргэлжилсэн энэхүү шалгалтад бүдэрсэн 20 аж ахуй нэгж байгууллагаас одоогийн байдлаар долоон байгууллага зөрчил дутагдлаа арилгаж үйл ажиллагаа явуулах эрхээ сэргээлгэсэн байна.
Үүнд "Энигма" компани Чингисийн өргөн чөлөө цогцолбор, Улаанбаатар төмөр замын байранд байрлах ресторан, "Улаанбаатар" их дэлгүүрийн 305 дугаар павилон, III, IV хороололд байрлах "Brоаdway" сүлжээ рестораны салбар зэрэг зургаан газрын үйл ажиллагааг сэргээсэн байна. Харин үлдсэн газруудын тухайд харьяа дүүргийнх нь Онцгой байдлын хэлтсүүд рүү шилжүүлж, хяналт тавихыг үүрэг болгожээ.
"Баянзүрх" худалдааны төв эрх нь нээгдээгүй ч ажилласаар
Хамгийн эхэнд очсон газар бол Баянзүрх худалдааны төв. Тус төвийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байлаа. Эрхээ сэргээлгэсэн газруудын тоонд энэ байгууллагын нэр байхгүй байсан учир анхаарал татаж байсан юм.
Худалдааны төвийн үүдээр орж зохион байгуулагч нь хаана байгааг асуухад махны тасгийн хажууханд байх шилэн хаалгатай өрөөг зааж өглөө. Зохион байгуулагч нь ажлаа хийгээд дотроо яваа. Хажуу талд захирлын өрөө байгаа хэмээн үйлчлэгч бололтой эмэгтэй хэллээ. Ингээд дэргэдэх өрөөнд орж Баянзүрх худалдааны төвийн захирал Х.Энхтөртэй уулзлаа.
Түүнээс эрхийг нь цуцалсан байтал яагаад үйл ажиллагаа нь явагдаж байгаа талаар лавлахад "Манай үйл ажиллагааг энэ сарын 4-ны өдөр хаасан. Үйл ажиллагааг зогсоолоо гэх албан бичиг өгснөөс хойш манай худалдааны төв гурван хоног үйл ажиллагаагаа зогсоож, зөрчлөө арилгасан. Тэгээд зассан гэх бүх газруудаа гэрэл зургаар баримтжуулж холбогдох газар руу явуулсан.
Үүний дагуу тэд ирж шалган үйл ажиллагаа явуулах эрхийг олгосон. Бид бүх засвараа хийхэд хоёр сая төгрөгийн зардал гаргасан. Түүнчлэн галын аюулгүй байдлыг хангасан тоног төхөөрөмжөө нэмж авахад 1.4 сая төгрөг зарцуулсан. Гэхдээ манай худалдааны төвд засвар гэж зүйл бараг байгаагүй. Ил гарсан кабелийн утсыг далдалж засах зэрэг ажил байсан" гэсэн юм.
Харин энэ талаар НОБГ-аас очиж тодруулахад манайд үйл ажиллагаа нь нээгдсэн талаар албан ёсны бичиг ирээгүй байна. Бид шалгалт хийсний дараа тухайн дүүргийн байцаагч нарт даатгаж өгсөн. Магадгүй байцаагч нарт бүх зүйлээ шалгуулж үйл ажиллагаа явуулах эрхээ авсан байх. Хэрэв тийм бол удахгүй бидэнд ирэх болов уу" гэсэн юм.
"Сандэй плаза" биш "Чингис холдинг" ХК-ийн үйл ажиллагааг хаажээ
"Нарантуул" захын ойролцоо хамгийн том худалдааны төв болох "Сандэй плаза" үргэлж хэл аманд өртдөг газар. Түрээслэгчдийн ая тухтай, эрүүл орчинг бүрдүүлж чадаагүй гээд асуудал мундахгүй.
Гэхдээ энэ удаа бүхэлдээ үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулаагүй аж. Тодруулбал, "Сандэй плаза" худалдааны төвийн зүүн талыг нь түрээслэдэг "Чингис Холдинг" ХК-ийн газрыг хаасан байгаа аж.
Харин өчигдөр "Сандэй плаза" амардаг өдөр нь байсан учир хаасан эсэхийг нь мэдээгүй юм. Гэхдээ тус худалдааны төвийн гадна гар дээрээс худалдаа наймаа эрхэлдэг нэг хүнээс асуухад бүгд л хэвийн ажиллаж байсан. Ойрын үед хаасан энэ гэсэн зүйл сонсогдоогүй" гэсэн юм.
"Барс-1"-ын гүйцэтгэх захирал "юу ч мэдэхгүй" гэв
Нийслэлчүүдийн хувьд хүнс цуглуулах гол газар нь болсон "Барс" зах энэ удаагийн шалгалтаас мултарч чадсангүй, үйл ажиллагаагаа явуулах эрхийг нь зогсоох шийдвэр гаргасан юм.
Хөл хөдөлгөөн ихтэй зам дагуу байдаг энэ газарт хүнсний болон хөдөлмөрийн аюулгүй байдал хэрхэн зөрчигдөж байгаа гэдэг нь нүдэнд ил. Яг л энэ байдалтай үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байсан юм. Ингэснээр үйл ажиллагааг нь хаасан гэж албан ёсоор зарласан ч үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байсан гурав дахь газар нь "Барс-1" зах болж таарлаа. Тус захын гуравдугаар давхарт гарч гүйцэтгэх захирал Н.Эрдэнэчимэгтэй уулзлаа.
Түүнээс үйл ажиллагаа явуулах эрхийг нь хаасан байтал яагаад үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар тодруулахад "Юун үйл ажиллагааг хаах сонин зүйл яриад байгаа юм бэ. Манайд тийм шалгалт болоод үйл ажиллагааг зогсоох бичиг ирээгүй. Яагаад үйл ажиллагааг нь зогсоосон байгууллагууд дунд манай нэр байгааг мэдэхгүй байна. Хүмүүс танайх хаагдчихсан юм уу гэж байнга асуугаад байна. Тийм зүйл юу ч байхгүй. Манай үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг чи харж байгаа биз дээ. Өмнө нь Онцгой байдлын газраас манайхыг даралттай ус гаргахыг шаардаж байсан.
Гал гарсан тохиолдолд төвийн шугамтай холбогдсон даралттай устай байх ёстой юм билээ. Үүнийг л хурдан хийж янзлуулах талаар ярьсан" гэж нэлээд ууртайгаар хариулт өглөө. Харин энэ талаар НОБГ-аас очиж тодруулахад "Үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох байгууллага дунд "Барс-1" зах орсон. Өөрсдийнхөө нүүрийг тахлах гэж тийм зүйл хийж байхыг үгүйсгэхгүй. Тус захын хувьд ямар нэгэн аюултай үзэгдэл болох, осол гарлаа гэхэд шуурхай албаны машин орох ямар ч нөхцөл боломжгүй, зам гарц хаагдсан бэрхшээлтэй. Түүнийг тухайн дүүргийн байцаагч нь хянаж байгаа.
Албан шаардлага хүргүүлсэн ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд байгаа аж ахуй нэгж байгууллагуудад эхний ээлжинд албан бичгээр шаардлагаа хүргүүлдэг. Үүний дараагаар цахилгааныг хязгаарлах талаар мэдэгддэг. Барс-1 захын тухайд түрээслэгч хүмүүсийн худалдаалдаг хүнсний бүтээгдэхүүн түргэн хугацаанд муудаж ялзрах зэрэг асуудлууд үүсдэг учир хязгаарлаж чадахгүй байгаа байх. Гэхдээ үүрэг даалгавар биелүүлээгүй бол цахилгааныг таслах болно" гэсэн юм.
"Улаанбаатар палас" энэ сарын 20-ныг хүртэл тоглолтгүй
Харин дараагийн үйл ажиллагааг нь түр хугацаагаар хаагдсан олны хөлийн газрын нэг бол "Улаанбаатар палас"-ын үзвэрийн танхим. Үйл ажиллагааг нь зогсоосон үзвэрийн танхимын хувьд 3000 үзэгчдийн суудалтай. Хэзээ, ямар ч тоглолтын үеэр гал гарч магадгүй нөхцөл байдал үүссэн байсан гэдгийг Онцгой байдлын газрынхан хэлж байгаа.
Тус танхимыг өнгөрсөн долоо хоногт хаах ёстой байсан ч амралтын өдрүүдэд тоглогдох тоглолтын билет зарагдсан байсан учир хугацааг нь сунгаж үйл ажиллагааг нь даваа гарагт хаахаар болжээ.
"Улаанбаатар палас"-ын үүдээр ортол Зууны манлай дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн тоглолтын плакат хаа сайгүй хадсан харагдлаа. Үүд хэсэгт зогсч байсан эмэгтэй тоглолтын билет авах юм уу хэмээн шалгаана. Харин кассан дээр зогсч байсан эмэгтэйгээс зарим нэг зүйлийг тодруулсан юм.
-Танай байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа юу?
-Хэвийн үргэлжилж байгаа. Өчигдөр тоглолттой байсан.
-Дараагийн тоглолт хэзээ байгаа вэ?
-Энэ сарын 20-нд Б.Сарантуяагийн тоглолт байгаа.
-Танай үйл ажиллагааг түр хугацаагаар хааж байгаа гэсэн. Энэ талаар сонссон уу?
-Үгүй. Манай зохион байгуулагч, маркетингийн менежер н.Баваасүрэн гэж хүн бий. Энэ хүнээс асуу гээд түүнийг 9908-тай дугаар өгсөн ч холбогдох боломжгүй байсан юм. Ямартай ч гал гарах нөхцөл нь бүрдчихсэн байгаа үзвэрийн танхимд энэ сарын 20-ныг хүртэл ямар нэгэн тоглолт байхгүй болж таарлаа.
"Тумбааш" дэлгүүр 250 мянган төгрөгийн торгууль төлөөд л... гүйцээ
Хороололд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрүүдээс хамгийн их хэл аманд өртдөг газар бол "Тумбааш". Энэ ч утгаараа энэ удаа Онцгой байдлын шалгалтад бүдэрч үйл ажиллагаа явуулах эрхээ түр хугацаагаар явуулах эрхгүй болсон байна. Харин тус дэлгүүрт очиход үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан юм. Дэлгүүрийн оффис хаана байдаг талаар үүдэнд суугаа худалдагчаас лавлахад хоёр давхарт байгаа гэв.
Гэвч ерөнхий зохион байгуулагч н.Отгончимэг өрөөндөө байгаагүй юм. Тус дэлгүүрт лангуу түрээслэдэг худалдагчаас он гарснаас хойш түр хугацаагаар дэлгүүр хаагдаж байсан уу, гал гарах магадлалтай газар учраас Онцгой байдлын газраас хаах шийдвэр гаргасан байсан. Энэ талаар сонссон уу гэж асуухад "Ямар нэг байдлаар дэлгүүр ажиллаагүй тохиолдол байхгүй. Галын аюул гарах магадлалтай гэж сонсоогүй. Хэрвээ тийм бол арга хэмжээ авах хэрэгтэй шүү дээ. Энд хичнээн хүний амьдрал байгаа билээ" гэсэн юм.
Харин тус газрын ерөнхий зохион байгуулагч н.Отгончимэгийн 9571-тэй дугаарт холбогдож, НОБГ-т үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрлөө авсан байгууллага дунд яагаад нэр нь байхгүй байхад үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар тодруулахад "Манай дэлгүүр бүх зөрчил, дутагдалаа арилгасан. Үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Тухайн үед бид 250 мянган төгрөгийн торгууль төлж манай дүүргийн Онцгой байдлын газарт ажилладаг н.Баярбат гэх залуу ирж шалгалт хийгээд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж болно гэж хэлээд явсан.
Манай байгууллага зөрчил дутагдалаа арилгачихсан байхад яагаад манай нэр ороогүй байгааг гайхаж байна. Энэ талаар холбогдох газар руу нь утасдаж лавлана" гэсэн юм.
Ямартай ч үйл ажиллагааг нь зогсоосон гэх 14 байгууллагын тав нь хэвийн үргэлжилж байна. Тус бүрдээ өөрсдийн гэсэн тайлбарыг хэлж шаардлагаа биелүүлсэн болж таарлаа. Зарим нэг нь бүр үйл ажиллагааг нь түр хугацаагаар хааж байгаа гэх албан бичгээ ч аваагүй гэх.
Өнөөдөр энэ хүмүүс хэн нэгнийг хуурч өнгөц зүйл хийж үйл ажиллагаа явуулах эрхээ авлаа дараа нь үүнээсээ болж хэдэн хүний амьдралыг үгүй хийхийг хэн ч мэдэхгүй. Тийм болохоор шалгалт хийж байгаа хүмүүс ч, шалгуулж байгаа нь ч хариуцлагатай ажиллаж хяналт шаардлагаа чангатгаж, хэн нэгний нөлөөнд авталгүй ажиллах хэрэгтэй юм. Магадгүй дээрх байдлаас болж шалгалт хийж, зөрчлөө арилгасан газарт элдэв осол болохыг үгүйсгэх аргагүй юм.
Г.ТӨГС
Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин
0 comments:
Post a Comment