Wednesday, April 10, 2013

Ц.Оюунгэрэл: Лениний музейг улсын өмчид авна

Ц.Оюунгэрэл: Лениний музейг улсын өмчид авна

Монголын говийн Нэмэгтийн хөндийгөөс олдсон аварга махан идэшт "Тираннозавр Батаар"-ын арга ясыг АНУ-д дуудлагаар худалдах гэж байна гэсэн мэдээлэл дэлхий нийтийн анхаарлыг татаад байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэхэмжлэлээр үүссэн Батаарын хэрэг эцэслэн шийдэгдэж, араг ясыг АНУ-ын Дотоод аюулгүй байдлын газраас Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгөхөөр болсон билээ. Батаарыг Монгол Улсад албан ёсоор хүлээлгэн өгөх ажиллагаа ирэх тавдугаар сарын 7-нд болно. Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлээс тодрууллаа.

-Батаарыг ирэх тавдугаар сарын 7-нд хүлээлгэн өгөхөөр болсон гэсэн?

-Ирэх тавдугаар сарын 7-нд Нью-Йорк хотноо Тираннозавр Батаарыг Монгол Улсын талд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно. Монголын тал албан ёсоор хүлээж авсны дараа манай мэдэлд ирж байгаа юм. Монголын мэдэлд ирсний дараа бид Батаарыг гэмтээлгүй, эвдрэлгүй зөөвөрлөх, тээвэрлэх, баглах зэрэг зохион байгуулалтын ажлыг хийнэ. Тавдугаар сарын 7-ныг хүртэл хадгалж, хамгаалах, аюулгүй байлгах ажил АНУ-ын мэдэлд байгаа. Өөрөөр хэлбэл, албан ёсоор хүлээж авсны дараа Батаарыг Монголд авчрах ажлыг хийж эхэлнэ гэсэн үг юм.

-Тэгэхээр Тираннозавр Батаарыг Монголд яг хэдийд авчрахаар төлөвлөөд байна вэ?

-Батаарын ясыг хүлээж авсны дараа тодорхой болно. Баглаа боодлыг хувийн компанид хандаж баглуулах, аюулгүйгээр авчрах ажлыг зохион байгуулах байгууллагуудад хандана. Баглах, олдворыг гэмтээлгүй авчрахад бэлэн болсны дараа бид тээвэрлэгч компаниудад саналаа илэрхийлэхээр төлөвлөсөн. Тираннозавр Батаарыг аюулгүй тээвэрлэх саналыг эхний ээлжинд бид "Кориан Эйр" компанид тавьсан. Тус компани бүх мэдээллийг тодорхой өгсний дараа тооцоо, судалгаа гаргаж, ямар онгоцоор тээвэрлэх, яаж гэмтэлгүй авчрах вэ гэдгээ судалж, хариу хэлнэ гэсэн.

-Тираннозавр Батаарыг авчрахад хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Авчирсны дараа хаана байрлуулах вэ. Лениний музейтэй холбоотой маргаан үүсээд байгаа шүү дээ?

-Одоогоор нарийн тооцоо гараагүй ч нэлээд их хэмжээний зардал гарна. Гэхдээ бид зарим үйлчилгээний хөнгөлөлт авах талаар судалж байна. Ачаа тээврийн компаниудад нарийн тооцоо гаргаад судалгаагаа өгч, хөнгөлөлт үзүүлэх ямар боломж байгааг судалж байна. Тираннозавр Батаарыг байрлуулахаар Лениний музейг гол байршлаа гэж үзэж байна. Лениний музейг улсын өмчлөлд авна гэж үзэж байгаа учраас Батаарыг тус музейд байрлуулахаар тооцсон.

Ш.ЧИМЭГ


0 comments:

Post a Comment