"Монголын боловсролыг дэлхийд" гэсэн уриатай "Хүүхэд өөрөө технологич", "Хүүхэд өөрөө өөртөө хамгийн сайн багш", "Хүүхэд багшийн хамгийн сайн багш", "Сурна гэдэг нь эхлээд эх хэлд, дараа нь шинжлэх ухааны хэлд сурахыг хэлнэ", "Суралцах үйлийн эхлэл нь үгийг ухаарч ойлгох мөн" гэсэн үндсэн үзэл санаатай монгол хүүхдийн бие даан сурсан технологийг боловсролын бодлого боловсруулагчид, эрдэмтэн, судлаачид, багш нарт танилцуулах өдөрлөг өчигдөр боллоо. Энэхүү "Хүүхэд өөрөө технологич" гэсэн сургалтын технологи нь "электрон жаал" гэдгээрээ олонд танил болсон өдгөө БШУ-ны сайдын зөвлөх Э.Энхпүрэвийн балчир бага наснаасаа өөрөө бие даан сурах арга барилаа нээн олж нээсэн аргачлал юм. Э.Энхпүрэв нь бие даан суралцах арга барилаа олоод зогсохгүй энэхүү арга барилаараа янз бүрийн насны бусад хүүхдүүдийг сургаж, технологио улам бүр хөгжүүлж, улмаар өнөөдөр боловсролын салбарын бодлогын түвшинд тодорхой санал дэвшүүлж буй технологи юм.
"Хүүхэд өөрөө технологич" гэсэн сургалтын технологийн онцлог нь "Хүүхдийг, ялангуяа хоцрогдсон хүүхдийг маш богино хугацаанд эрчимтэй, үр дүнтэй сургадаг, өөрөө нээн олж, туршиж, хөгжүүлэн боловсролын салбарын мэргэжилтэн, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, олон жилийн турш өнөөдрийг хүртэл хөгжүүлж ирсэн сургалтын монгол технологи юм.
Э.Энхпүрэвийн онолоор бол "Багш гэдэг хүн сургууль гэдэг газар ирээд, самбарын өмнө зогсож, сурах бичигт бичсэн зүйлийг хүүхдэд цээжлүүлснээрээ сургалаа, хөгжүүллээ гэж үздэгээ болих нь зүйтэй. Оронд нь, багш сурагчийн мэдлэг бүтээх явцад тусалж, дэмжихийг гол үүргээ гэж ойлгож, ажилладаг хандлагатай сэтгэлгээтэй болъё. Сургууль бол тэр үйл явцын орчныг бүрдүүлдэг газар байя. Харин мэдлэг бүтээгч гол эзэн нь сурагч өөрөө байх юм байна. Мөн хүүхдэд үзэх шинэ сэдвийг багш, ном хоёр шууд хэлж өгдөг арга барил буруу байна. Учир нь, хүүхэд тэр сэдэвтэй хамаатай ажлыг өөрөө шийдэхээр оролдох эрхийг нь олгож өгөх хэрэгтэй. Хүүхэд зөв хариуг барагтаа бол шууд олохгүй. Багш тухай бүрт буруу гэдгийг нь хэлж өгөөд буцааснаар, хүүхэд биеэ дааж асуудлаа дэвшүүлж сурна.
Анагаах ухааны салбар хүний биеийн эрүүл байдлыг тэтгэх, өвдөж хямарсныг нь эмчилдэг бол боловсролын салбар хүний оюун ухааныг тэжээж, засаж өгдгөөрөө адил. Арга барилын хувьд ч ижил байвал зохилтой юм. Эмч хүнээ оношилж байж эм бичдэг шиг, багш хүүхдээ таньж байж түвшинд нь тааруулах ёстой. Багшийг хэлмэгц ойлгох, хожуу ойлгох гэхчлэн хүүхдийн хүлээж авах түвшин янз бүр. Тэгвэл, үүний жорыг тааруулах, зохицуулах арга нь "бүгдэд хүрэх сургалт". Үүнийг хүүхэд нэг бүрийн сурах үйл ажиллагааг дэмжиж хөгжүүлнэ гэж ойлгоно. Уг аргаар, хичээлийн жилийн эхэнд сургалтын хөтөлбөрт багш хүүхэд нэг бүрээ таньж, нас бие, сэтгэхүйн онцлогийг тодорхойлоход зориулсан хугацаа олгох хэрэгтэй. Энэ явцад багш хүүхэд тус бүрийн унших, бичих, сонсох, ярих чадамжийг тодорхойлсон баримтыг бий болгоно. Үүний дараагаар, хүүхэд бүрт тохирсон сургалтын хөтөлбөр боловсруулах нь зөв юм.
Өнөөдөр багш нар хүүхдийг сурахад чиглүүлэх ажилдаа бүрэн анхаарлаа зориулж чадахгүй байгаа нь бодит үнэн. Тэдэнд саад болж байгаа зүйлийн ихэнх хувийг элдэв бичиг цаасны ажил эзэлж байна. Үнэнийг хэлэхэд тэр бичиг цаасны ажлын олонх нь үнэхээр шаардлагатай юу гэдэг эргэлзээтэй. Магадгүй ямар нэг газар хураагдаад, хэрэг нь гарахгүй тавиурт үлдэж байж болох. Тэгэхлээр, үүнийг багасгах хэрэгтэй гэж үзэж байна.
Өнөөдрийн сургалтын үнэлгээний тухай ойлголтыг бас өөрчлөх шаардлагатай байна. Одоо нийтдээ хэвшчихсэн шалгуур бол сурах бичгээр олгосон мэдлэгийг хэрхэн цээжилж тогтоосноор тавьж байна. Тэгэхлээр, үнэлэх зарчмыг, цааш нь сурвал зохих мэдлэгтээ үндэслэн хэрхэн задалж ойлгож байгааг, ойлгосныхоо хэрэг тусыг хэрхэн гаргаж байгаагаар тодорхойлдог болгон сайжруулбал, сурах чөлөөт сэтгэлгээг дэмжихэд тустай юм. Нэг үгээр хэлбэл, юуг мэдсэнийг үнэлэхээсээ яаж мэдсэнийг үнэлэх явдал чухал болно.
Эдгээр санаа, үндсэндээ боловсролыг бие даан сурах чадвар гэдэг томьёоллоор хандуулахад чиглэгджээ.
Б.ЭНХ
0 comments:
Post a Comment