Сүүлийн үед түймрийн улмаас гэр бүлээрээ галд өртөн амиа алдсан харамсалтай хэрэг нэг бус гарсан. Тиймээс ОБЕГ-аас сүүлийн хоёр сарын хугацаанд албан байгууллага, аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулах зорилгоор Хүн олноор цуглардаг үзвэр үйлчилгээ, худалдаа, баар, цэнгээний газруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын төлөвлөгөөт бус шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран хийсэн байна.
Шалгалтад нийт 85 объектыг хамруулснаас гал түймрийн хэрэг, зөрчилд хүргэж болзошгүй 276 зөрчил, дутагдал илрүүлжээ. Шалгалтын дүнд нийт 20 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа явуулах, үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашиглахыг хэсэгчлэн буюу бүрмөсөн зогсоосон байна. Тодруулбал, "Метрополис" караоке баар, "Эргэн дурсахуй" диско баар, "Улаанбаатар палас" ХХК-ийн үзвэрийн танхим, "Тумбааш" худалдааны төв, "Барс-1" худалдааны төв, "Сохо" ХХК-ийн Гүүрэн байгууламж үйлчилгээний төв, "Дурсамж" караоке баар, "Амрита" диско баар, "Соёмбо" сүлжээ кино театр, "Баянзүрх" бөөний худалдааны төв, "Сандей плаза" худалдааны төвийн зүүн жигүүрийн хэсэг, "Мишээл экспо" төвийн Үзэсгэлэнгийн танхим зэрэг иргэд олноороо цуглардаг үзвэр үйлчилгээний, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ. Дээрх нэр бүхий байгууллагууд илэрсэн дутагдал, зөрчлийг арилгавал үйл ажиллагааг нь дахин сэргээх аж. "Улаанбаатар палас"-ын үзвэрийн танхимын тухайд өнөөдөр, маргааш /IV.12, 13-нд/ хоёр өдөр тоглолттой, тэдгээр тоглолтын тасалбар хэдийнэ борлогдсон тул дөрөвдүгээр сарын 14-нөөс эхлэн хаахаар болсон байна.
Шалгалтын дүнд мөн Захиргааны хариуцлагын тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 25.1 дэх заалтыг үндэслэн 19 субъектыг 2,7 сая төгрөгөөр торгож, захиргааны арга хэмжээ авсан байна. Аж ахуйн нэгжүүдийн 75 хувь нь Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай болон Галын аюуогүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан эрхзүйн актуудыг ноцтойгоор зөрчсөн, 35 хувь нь галын аюулгүй байдлыг хангуулах дүрэм, нормын шаардлага хангаагүй, олон хүний амь нас, эд хөрөнгө гал түймэрт өртөх нөхцөл бүрдсэн, галын аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй нь илэрсэн байна. Уг шалгалтаар илрүүлсэн 461 зөрчлийн 238 буюу 50 хувийг нь арилгуулсан талаар мэдээллээ.
М.НАРАН
0 comments:
Post a Comment