Saturday, April 6, 2013

Их тойруу хэсгийн гудамж, талбайг тохижуулна

Их тойруу хэсгийн гудамж, талбайг тохижуулна

Урин дулаан цаг ирж буй энэ үед Нарны замаас хойш Их тойруугийн гудамж талбай, өргөн чөлөө, цэцэрлэгт гудамжийг тохижуулах ажлын төлөвлөгөөг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж Нийслэлийн удирдлагуудад танилцуулсан байна. Тохижилтын ажилд Их тойруу доторх гудамж талбайн хотын сул шороон хөрс бүхий хэсгийг зүлэгжүүлэх, усан оргилуур, гэрэлтүүлэг, амрах орон бүхий талбайг бий болгох, явган зорчигчийн нүхэн гарц, гүүрэн гарц, дугуй, гүйлтийн зам барьж байгуулах зэрэг багтжээ. Тухайлбал, Их, бага тойруу хэсгийн тохижилтын ажлын цэвэр талбай нь 44,7 га байгаагаас явган зам 29,3 га, дугуйн зам 9,9 га, ногоон байгууламж 5,5 га талбай буй аж. Энэ хэсэгт 10 гүүрэн гарц, зургаан нүхэн гарц хийх гэнэ. Харин хотын чанартай гол гудамжуудад 12,2 га талбайд явган зам, 2,9 га талбайд дугуйн зам, 4,8 га талбайд ногоон байгууламж хийхээр төлөвлөсөн байна. Их тойруугийн хэмжээнд зургаан байршилд газар доорх нүхэн гарц, 13 байршилд явган зорчигчийн гүүрэн гарц барих тухай танилцууллаа. Уг тохижилтын ажлыг хийхэд Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлэх "Гудамж" төслийг уялдуулах хэрэгтэйд албаныхан санал нэгдсэн бол шаардлагатай хөрөнгийг шийдэхийн тулд НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр болсон байна.

Иймэрхүү тохижилтын ажлыг жил бүр хийдэг боловч байнгын ажиллагаатай, цэвэр, цэмцгэр байж чадахгүй байсаар ирсэн юм. Тиймээс аятай тухтай амьдрах орчин нөхцөлөө бүрдүүлэхэд иргэн бүрийн оролцоо хэрэгтэйг Нийслэлийн удирдлагууд онцолж буй.

У.БОЛОР

0 comments:

Post a Comment