Хаврын цоглог нар ээсэн, дулаахан, тогтуухан өглөө нийслэл хотын гудамж талбай бүртийх ч хог үгүй, замууд түгжрэлгүй цэлийгээд, мөн урамтай сайхан байна аа. Алс тэртээд нийслэлд олонтаа үзэгдэх болсон өргөгч цамхаг, аль хэдийнэ ажлаа эхэлсэн бололтой, алгуурхан хөдөлж, Богд хан уул маань хэзээ ч утаа униарт умбан төөрч байгаагүй юм шиг сүрлэгээр дүнхийнэ. Хотын төв гудамжинд цэмцгэр залуус ажилдаа яарч, дэгжин машинууд толь, штлээ гялалзуулан гайхуулна. Хотын төв талбай уйтай гантиг боржин хавтангууд бүр зүлгэчихсэн юм шиг гялалзаж байна гээч. Нийслэлийн Хот тохижилтын газрынхан зам угаадаг машинтай болж, түүнийгээ Сүхбаатарын талбайд туршаад байгаа гэсэн. Усалгаатай, зам талбай угаадаг, замын нуухын шороог сордог ид шидтэй энэ машинууд удахгүй Нарны зам, Нарны гүүр, Их тойруу, Бага Тойруу, Энхтайваны өргөн чөлөөний зам талбайн тоос шороог соруулж, угаах юм гэнэ лээ.
Өнөөдөр монголчуудын Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлыг эх орныхоо нийслэлд зохион байгуулж, зочид төлөөлөгчдөө угтан авч байна. Энэ бол хорьхон жилийн өмнө ардчиллын анхны салхинд дэрвэж явсан монголчууд өнөөдөр ардчиллыг төлөвшүүлсэн орон хэмээгдэн үнэлэгдэх болсны нэгэн баталгаа. Далимд нь эх орондоо ирж байгаа гадаадын төлөөлөгчдийг нүүр баатар, хараа дээгүүр цэмцгэрхэн угтахыг хэн болгон хүсэхгүй л яахав. Хэдийгээр гадны зочдыг угтах гэж хүчээр цэвэрлэгээ үйлдэв хэмээсэн шүүмжлэл байгаа ч өнөөдрийн хувьд нийслэл хот маань өнгө засаад, сэтгэлд таатай байна. Магадгүй хурал болох хэдхэн өдөр л ингэж гудамж талбайгаа цэмцийлгээд ахиад л бахь байдаг хов новшиндоо дарагдчих вий гэсэн болгоомжлол байгаа учраас шүүмжлэл шидэж байсан хэрэг.
Басхүү үүнд зөвхөн ямар нэгэн хурлыг тохиолдуулан өнгөцхөн хуурмаг гоёл зүүгээд өнгөрөх бус цаашид дандаа ийм цэвэр цэмцгэр, сайхан хот байгаасай гэсэн хүсэл энд тээгдэж байгааг бас өгүүлэх юун.
Миний Монголын тэнгэр өнөөдрийнх шиг цэлмэг, төрөлх хотын минь гудамж талбай өнөөдрийнх шиг цэмцгэр, мэдээж хэрэг хамгийн гол нь хүн зоны маань сэтгэл хаврын энэ өдрүүдийнх шиг өөдрөг тэнүүн байх болтугай.
0 comments:
Post a Comment