Tuesday, April 9, 2013

Тайгын эзэд төрөөс ивээл хүртэнэ

Хүссэн хүн хөл тавиад байдаггүй онгон зэлүүд хөвч тайгад цаа бугаа маллан аж төрдөг цаатан иргэд төрөөс ивээл хүртэхээр боллоо. Таван хошуу малаа тал дүүрэн бэлчээдэг монголчуудад зургаа дахь хошуу мал гэж бас бий. Монгол орны хоймор болсон Хөвсгөл аймгийн баруун хойд хэсэгт зургаан хошуу малын нэг болох цаа буга адгуулан аж төрдөг уйгар угсааны тува иргэд буюу уйгар урианхайчууд аж төрдөг. Жангас тайга, Улаан тайгаар нутагтай хоймор нутгийн цаатнууд ховорхон, цөөхөн ам бүлтэй.

Монгол Улсын хамгийн цөөн тоотой угсаатны бүлэг гэсэн тодотгол тэдэнд бий. Өмнө нь Ренчинлхүмбэ, Улаан-Уул сумдад хуваагдан харьяалагддаг байсан цаатнуудыг хожим Цагааннуур сум болгон нэгтгэснээр тува иргэд нэгэн дээвэр дор цугларсан байдаг. Цаатан иргэд хамгийн олноор төвлөрсөн Цагааннуур суманд 138 өрхийн 664 уйгар урианхай ястан аж төрж байгаагаас цэвэр цаатан 436, дархад-цаатан холимог 228 хүн бий гэсэн мэдээллээс үзвэл тэд үнэхээр ховорхон, бас ховордож яваа хүмүүс.

Тэдний үр хүүхэд дархад хүүхдүүдтэй хамт сургуульд сурч, монгол хэл үздэгээс төрөлх тува хэлээ мартахад хүрээд буй. Хоорондоо л тувагаар хөөрөлдөх төдийгөөс өөрөөр хэрэглэхээ больж, дархад аялгатай монгол хэлээр бусадтай харилцаж ирсэн. Социализмын үед урцнаас нь гаргаж байшинд суурьшуулах гээд бараагүй. Байшинд халуудаж бачимдахдаа хаалга, цонхоо дэлгэж хонодог байсан цаатнууд тун удалгүй тайга өөдөө, урц руугаа дүрвэчихсэн гэдэг. Хэдэн мянган жилээр цаа бугаа маллан аж төрж ирсэн тэдэнд харин одоо дэлхийн дулаарлаас үүдсэн өөрчлөлт гамшиг дагуулахад ойрхон болжээ. Тайгын цас багасч дулаарна гэдэг тэдний хувьд аюул. Цаа буга идэш тэжээлгүй болж цаатан иргэдийн дассан орчин өөрчлөгдөж мэдэхээр болжээ.

Монголын өөр хаана ч байхгүй ийм нэг өвөрмөц амьдралтай ховорхон иргэдийг төр ивээлдээ авч байна. Өнгөрсөн 2012 оны арванхоёрдугаар сарын 22-нд буюу "дэлхий сөнөнө" гэж шуугиан дуулиан болсны маргааш, хамгийн урт шөнө, хамгийн богино өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Хөвсгөлийн цаатнуудын дунд очиж хоносон юм. Шөнөдөө хасах 48 градус хүрч хүйтэрсэн ч цаатнууд намрын сүүл сар налайж байгаа мэт малгай сөхөж, дээлийн энгэр задгайлан алхацгаах нь тэдний хэр зэрэг өлчир чийргийг харуулж байв. Урцанд амьдарч, цааныхаа сүү, махаар амь зуулгаа болгож ирсэн тэд хамгийн хүнд нөхцөлд аж төрдөг ч төр, засгаас тусламж гуйж элдэв халамж, нэмэгдэл хүсч явсангүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийг цаан сүрэгт нь хужир, жамц давс тэргүүтэн хүргэж очиход цаатан иргэд өөрсдийнхөө тухай биш, цаанд нь америк давс их сайхан таардаг тухай ярьж угтсан. Харин цаатнуудын дунд хонож өнжсөн Төрийн тэргүүн тэднийг өөрсдийг нь төрийн ивээлд авах зарлиг гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч гуравдугаар сарын 29-нд гаргасан зарлигаараа цаатан иргэдийн ахуй амьдралыг дэмжих чиглэлийг Засгийн газарт өгөв.

Зарлиг хэрэгжиж эхэлснээр тайгад амьдардаг 18 хүртэл насны цаатан хүүхдүүд бүс нутагт нь тогтоосон амьжиргааны доод төвшний 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг сар болгон  авдаг болно.  Харин насанд хүрсэн иргэдэд амьжиргааны доод төвшний хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгож, нийгмийн даатгалд хамруулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцдаг болох гэж байна.

Цаатан иргэд нарийн мэргэжлийн эмчид жилд хоёроос доошгүй удаа үнэ төлбөргүй үзүүлж, цаатнуудад үйлчилдэг хүн, малын эмч нар сар бүр үндсэн цалингийн 40 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл авч, багийн эмч нар өөрийн гэсэн унаатай болно. Цаатан иргэд цалин авч Улаан тайгын дархан цаазат газар,Тэнгис-Шишгэд голын ай савын байгалийн цогцолборт газрыг хамгаалж байхаар боллоо. Нарийн тоог нь хэн ч мэддэггүй цаатнуудын тооллогыг жил болгоны арваннэгдүгээр сард хийж байх юм.

Цагааннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид тува хэлээ үзэж, ёс уламжлалаа сэргээх боломж бүрдэв. Урьд нь цаатан оюутан гэж бараг дуулдаж байсангүй. Тайгаас бууж их, дээд сургуульд сурч байсан хүн бодвол ганц хоёр байсан л байх. Тэгвэл одоо цаатан залууст боловсрол олгохыг чухалчилж, сургалтын зардлыгнь төрөөс бүрэн хариуцах чиглэлийг Засгийн газарт өгөөд байна.

Жилийн дөрвөн улиралд тайгаас буудаггүй, тоо толгой нь ч цөөрсөн цаа бугын цус ойртсон нь хэдэн жилийн өмнөөс аюулын харанга дэлдэх болсон. Тэгвэл цаа бугын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахаар  2014 онд багтаан үржлийн насны этэр /хээлтүүлэгч/, мянд /хээлтэгч/ гаднаас худалдан авахаар зарлигт тусгалаа.

Хөвсгөлийн цаатнуудын төрөл төрөгсөд ОХУ-ын Тува улсын Тож хошуугаар нутагтай. Тэдэнтэйгээ уулзаж чаддаггүй байсан цаатан иргэд гурван жилд нэг удаа Завхан аймгийн Арц суурийн байнгын ажиллагаатай хилийн боомтоор нэвтэрч төрөл төрөгсөдтэйгээ уулзах боломжийг олгохоор болж байна.

Хойд туйл, Якутад очиж цаатны амьдрал, цаа бугыг бүхэл бүтэн хорин жил цөхрөлтгүй судалж буй доктор Б.Баасансүрэн Монгол Улсын Ерөнхийлөгч цаатнуудтай очиж уулзаж, тайгын эздийг төр ивээлдээ авч буйг дуулаад сэтгэл их хөдөлж нулимс гарч байснаа хэлж байсан юм. Цаа бугын орооны булчирхайгаас гаргасан бэлдмэлээр үр хүүхэд хүссэн олон орны олон хүний сэтгэлийг дэвтээн үрийн заяа дуудаж өгсөн энэ эрдэмтэн цаа, цаатан хоёрт хязгааргүй талархаж явдгаа хэлж тайгад мартагдах шахсан тэдэнд Монголын төр ээлээ үзүүлэх болсныг дуулаад ихэд баярлажээ.

Алдарт улаан тайга, Жангас тайгын эзэд төрөлх хэлээ судалж, хилийн цаадах төрөл төрөгсдөө олж, төрөөсөө ивээл хүртэж, цаатан гэх өвөрмөц амьдрал ахуйгаараа газар газрын жуулчдыг татах цаг хаяанд ирлээ.

Д.ОЮУНЦЭЦЭГ


0 comments:

Post a Comment