Monday, April 8, 2013

Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдаж байна

Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдаж байна

Дэлхий дахинд жил бүр 2.2 сая хүн хоол хүнс, уснаас халдварласан өвчнөөр нас бардаг гэсэн судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ. Үүний 1.9 сая нь бага насны хүүхдүүд байдаг аж. Ийнхүү өдөр тутам хэрэглэдэг хоол хүнснээсээ хордож байгаа тохиолдол бүрийн цаана хүний ухамсар, хариуцлага бий. Эрүүл аж төрөх үндэс болсон хүнсний аюулгүй байдлыг Монгол Улс хуулиндаа гуравдугаар сарын нэгнээс эхэлж чангатгасан юм. Тодруулбал, Хүнсний тухай хууль болон Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогч, худалдан борлуулагч, тэр ч атугай, худалдан авагчийн эрх, үүргийг нарийн зааж өгсөн нь гуравдугаар сарын 1-нээс эхлээд хэрэгжих ёстой. Хэрэгжих ёстой гэж хэлэх нь учиртай. Монголын хууль гурав хоногтой гэдэг нийтлэг үг биелэлээ олов уу гэлтэй хүнсний хуулийг чангатгасныг иргэд мэдэхгүй байгаа. Хуулиар бол наад зах нь дэлгүүрийн лангуунаас хугацаа нь дуусах шахсан, эсвэл дууссан, ямар хэл гэдэг нь мэдэгдэхгүй тайлбартай бүтээгдэхүүн харахгүй гэж байсан.

Хэрэгжилт ямар байгаа нь ойрхон байгаа хүнсний зах, супермаркет, дэлгүүрүүдээс илт харагдах учир захын нэг жижиг дэлгүүр гэлгүй, худалдааны төвүүддээ жишиг байх ёстой супермаркетыг сонирхов. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол дахь зам, гудамж, байр, орон сууцтай ойролцоо орших "Миний дэлгүүр" супермаркет орлоо. Ер нь лаазалсан хүнс, майонез, жимсний компот хадгалах стандарт, хэрэглэх хугацааны хувьд асуудалтай байдаг. Супермаркет гэдгээрээ бараагаа бөөнөөр нь оруулж, ирээд агуулахдаа хадгалаад зарахыгаа лангуун дээр тавих жишээний. Гэхдээ том, жижиг гэлтгүй иймэрхүү байдалтай байдаг. Дээрх хэлсэнчлэн хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа ямар байгааг хэсэг ажиглалаа. Төрөл бүрийн, зүсэн зүйлийн бараа бүхнийг ажиглаагүй ч ямартай ч ОХУ-аас оруулж ирдэг "Янта" майонезийг хүн бүр мэдэх байх. Энэ нь дотроо орц, найрлагаасаа хамаараад олон төрөлтэй майонез бөгөөд ашиглах эцсийн хугацаа нь бага зэрэг ойлгомжгүй. Хэрэглэгчид майонезийг амархан муудаж, хордлого өгөхдөө хурдан гэдгээр нь анхаардаг ч энэ майонезны хувьд  хэрэглэх хугацаа нь хадгалах градусаасаас хамаарч янз бүр учраас төөрөгдмөөр. Ямартай ч энэ дэлгүүрт худалдаж буй "Янта" майонезуудын хугацаа нь дууссан байсан. Хуульд  бараа, бүтээгдэхүүний хүчинтэй хугацааны ядаж гуравны хоёр нь хүчинтэй байвал хилээр оруулах тухай заасан. Тухайлбал, үйлдвэрээс гараад нэг жилийн дотор хүчинтэй бүтээгдэхүүний хувьд дор хаяж гуравны хоёр нь хүчинтэй гэхээр найман сарын хүчинтэй хугацаатай байж хилээр нэвтрүүлэх нь байна. Үлдсэн дөрвөн сар нь үйлдвэрээс гараад тээвэрлэгдэж ирэх хүртэлх нөхцөл байдал, цаг хугацаа гэж үзэх ажээ. Энэ шаардлага нь хил дээр л мөрдөгдөх бөгөөд энэ нь хугацаа нь дуусах шахсан эрсдэлтэй бүтээгдэхүүнийг дэлгүүрийн лангуунд байлгахгүй гэсэн арга юм. Харин нэгэнт дэлгүүрт зарагдаж байгаа хугацаа нь дууссан барааг яах вэ? Шууд супермаркетийнх нь менежер, дэлгүүрийн захиралд нь хэлэх, шаардах эрх нь хэрэглэгчдэд бий. Хугацаа нь дууссан бараа, бүтээгдэхүүн зарж байгаа үйлчилгээний газрыг нэр, хаягтай нь хууль хяналтын байгууллага, тэр дундаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт мэдэгдвэл, тухайн барааг зарж байгаа газраар борлуулалтаас татуулах, устгалд оруулах, цаашлаад нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх торгуулийн арга хэмжээ авахуулж болох юм.

Өөр нэгэн зүйл бол хуулинд зааснаар гаднаас импортолж байгаа бүтээгдэхүүний тайлбар, орц, найрлага, хэрэглэх заавар англи, орос, монгол гурвын аль нэг хэл дээр байх ёстой гэж заасан. Энэ бол хэрэгжихгүй байгаа гэдгийг хэлмээр байна. Гадны том брэндүүдийн Монгол дахь албан ёсны дистрибьютер компаниуд л зарим гоо сайхны бүтээгдэхүүн, эрүүл мэндийн цайнд монгол тайлбар наасан нь бий. Энд хаанах нь гэдэг нь мэдэгдэхгүй шошго, тайлбартай бүтээгдэхүүнүүд л байна. Ялангуяа хүүхдийн тэжээл "Milasan"-ыг найруулах заавар анх хэрэглэж байгаа хүмүүст хэрэгтэй. Гэтэл Монгол эсвэл түгээмэл хэл болох Орос, Англиар ч алга. Мөн хүнсний мөөг, даршилсан ногоонд мөн алга. Иймэрхүү хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд ашиглагддаггүй бүтээгдэхүүнийг худалдаж авах болвол цусны даралт ихэсдэг, харшилтай хүмүүс эмзэг мэдрэмтгий учраас ямар найрлагатай, сөрөг заалт нь ямар байдгийг мэдэх зайлшгүй шаардлагатай. Тайлбар, орц, найрлагыг бүтээгдэхүүн дээр цаас наах эсвэл, дагалдах бичгийг уях байдлаар мэдээллэх боломжтой. Хүнсний аюулгүй байдал гэдэг ийм зүйл дээр ч илрэх биз ээ.

Ямартай ч Хүсний тухай хууль болон Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг зөрчвөл тухайн нөхцөл байдлаар хамаарч нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-75 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх торгуулийг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогч, худалдан борлуулагч төлж хариуцлага тооцуулах ажээ.

Нэрээр нь хаана ч мэддэг супермаркет дээр өгүүлсэнчлэн байхад хороолол доторх жижиг дэлгүүр ямар байх бол. Заавал үйлчилгээний газрыг "нүд үзүүрлэхдээ" бус, бусаддаа үлгэр жишээ болно гэх утгаараа ийн ажигласан юм. Нэг нь хууль дүрмээ сахьвал нийтэд нэг жишиг тогтох бус уу? Нөгөө талаас хэрэглэгч та авах гэж байгаа бүтээгдэхүүнээ сайтар шалгаж аваарай. Шаардлагатай бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаарай.

У.БОЛОР

0 comments:

Post a Comment