Tuesday, April 9, 2013

Сүлжээ зам баривал автомашины түгжрэл буурна

Сүлжээ зам баривал автомашины түгжрэл буурна

НИТХ дахь "МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл"-ийн бүлэг өнөөдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газартай танилцлаа. НИТХ-ын дарга Д.Баттулгын үүрэг болгосны дагуу өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн НИТХ-ын нам эвслийн бүлгүүд нийслэлийн харьяа газруудтайгаа танилцаж байгаа юм байна. Уг танилцах уулзалтад Шударга ёс эвслийн бүлгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Н.Баяраа, тэргүүлэгч Д.Батбаяр, Төлөөлөгч С.Ононбаяр, бүлгийн ажлын албаны дарга П.Гансүх, ажилтан Ц.Ганчимэг, С.Будрагчаа болон НИТХ-ын зохион байгуулагч С.Жавхланбат нар оролцлоо.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь 137 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа аж. Иргэд аж ахуй нэгжүүд эзэмшиж буй газар дээрээ барилга барих бол зураг, төсвөө мэдүүлж, барилга барих зөвшөөрөл олгож, барилгын мэдээллийн сандаа бүртгэх, цаашлаад хүлээн авах ажлыг хийх ерөнхий чиг үүрэгтэйгээр ажилладаг байна. Өмнө нь иргэд, аж ахуй нэгж байгууллагууд маш олон газрын үүдийг сахиж барилга байшин барих зөвшөөрлийг авдаг байсан бол одоо ганцхан дээрх газарт очиж хүсэлтээ уламжлах аж. Түүнчлэн нийслэлийн газар доогуурх инженерийн шугам сүлжээг бүртгэх ажлуудыг шат дараатайгаар хийдэг юм байна. Өмнө нь мэдээллийн сангийн бүртгэл хийгддэггүй байснаас зам барилгын ажил бусад ажлууд маш их гацдаг байсан гэнэ. Мөн тус газар Улаанбаатар хот дахь бүх барилга байшингийн чанар аюулгүй ажиллагаанд шалгалт хийх үндсэн үүрэг хүлээжээ. Өнгөрсөн онд тус газар 720 гаруй барилга байшинд чанарын шалгалт хийсэн байна. Шалгалтаар 1960 оноос хойш баригдсан бүх барилга байгууламжууд газар хөдлөлтийн таван баллыг тэсвэрлэх чадваргүй байгаа нь тогтоогджээ. 

Үүнээс гадна тус газарт дахин төлөвлөлтийн хэлтэс харьяалагддаг байна. Төлөвлөлт судалгааны хэлтэс нь Улаанбаатар хотод хийгдэх бүх барилга байгууламжийн төслийг боловсруулах ажлуудын судалгааг гадны байгууллагуудтай хамтран хийж байгаа аж. Бас  НИТХ-аар хэлэлцүүлэхээр 98 замын ажлыг бэлэн болгожээ. Түүнд Энхтайвны өргөн чөлөө, Нарны зам, Энэбишийн өргөн чөлөө зэрэг гурван замыг холбосон гарцууд  цөөхөн байдаг тул холбох сүлжээ 98 замыг барих ажлыг төлөвлөжээ. Сүлжээ зам барих ажлыг дэмжээд өгвөл замын ачаалал 21 хувь буурч түгжрэл багасах тооцоо гарсан байна. Эдгээр замыг тавихдаа чулуун зам барихаар төлөвлөжээ. Нийт өртөг нь 9,4 тэрбум төгрөг. Чулуун зам нь бат бөх удаан эдэлгээтэй, өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглан дотоодын компаниудаараа хийлгэвэл боломж байгаа аж. Хэрвээ хөрөнгө шийдээд батлаад өгвөл ирэх арваннэгдүгээр сар гэхэд хорооллын замыг бүрэн барих боломжтой гэсэн судалгааг тус хэлтсийнхэн гаргажээ.

Г.ДАРЬ

0 comments:

Post a Comment