Tuesday, April 30, 2013

Нийслэл хэрхэн өнгө нэмэх вэ?

Нийслэл хотод энэ сард хийгдсэн тохижилтын ажил болон цаашид хийгдэх ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралаас тодрууллаа.

-Ардчилсан орнуудын сайд нарын хурлыг тохиолдуулан нийслэл хот өнгө "заслаа". Энэ тухай?

-Богино хугацаанд бүх нийтийг хамарсан хот тохижилтын ажил амжилттай болж, хур хогноосоо салж, Хонхтой цэцэрлэг, Эрх чөлөөний талбайн тохижилтын ажлуудыг хийж дуусгасан. "Маамуу нааш ир", "Элгэн нутаг", Ю.Цэдэнбал агсны гээд хотын төвд байрладаг арваад хөшөөг засварлаж, угааж, цэвэрлэсэн. Мөн зам, талбайгаа угааж, чийгшүүлдэг боллоо.

-Олон улсын төлөөлөгчдийн хурал дууслаа. Нийслэл хотыг буцаад хогондоо дарагдаж эхэлнэ гэх яриа байна?

-Иргэд маань энэ ажлыг зөвхөн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын бага хуралтай холбогдуулан хийлээ гэж ойлгож болохгүй. Бүгдээрээ хамтарвал, бүгдээрээ хүчин зүтгэвэл ямар үр дүн гардгийг бид бодитоор харлаа. Тиймээс нийслэл хот цаашдаа энэ жишгээр ажиллана.

-Самбаруудыг буулгах ажил юу болж байгаа вэ?

-Мөн замын хөдөлгөөнд саад учруулж, жолоочийн үзэгдэх орчинд нөлөөлж байсан 1000 орчим рекламны самбарыг буулгасан. Үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээсэн мянга гаруй хогийн сав, 400-аад сандлыг хотын төвд байршуулсан.

-Энэ зун тохижилтын ямар ажлууд хийгдэх вэ? 

-Сая бид I зэрэглэлийн гудамж гэж нэрлэгддэг гол гудамжуудын тохижилтын ажил дээр анхаарч ажилласан. Одоо II, III зэрэглэлийн гудамжуудын тохижилтыг хийж байна.  Жишээ нь, баруун болон зүүн дөрвөн замын уулзвар, хуучин 120 мянгатын тойргийн тохижилтын ажил энэ сарын 06-нд, Сөүл, Худалдааны гудамжны тохижилт энэ сарын 25-нд дуусна. Мөн замын тэмдэглэгээ тодруулах, ногоон байгууламж сэргээх, хашлага будах, замын нөхөөс хийх зэрэг ажлуудыг хийнэ. Тоосжилтыг багасгах зорилгоор зам, талбайг услах, цэвэрлэх ажлыг өглөөний 04.00.06.00 цагийн хооронд хийж, гүйцэтгэж байх үүрэг өгсөн. Удахгүй явган хүний зам засах, услах, цэвэрлэх тусгай зориулалтын машиныг оруулж ирэхээр төлөвлөж байгаа. Мөн автобусны буудлуудыг засварлаж тохижуулах, хогийн сав, сандлуудыг гэр хорооллуудад байршуулах ажлыг төлөвлөгөөний дагуу дотоодын үйлдвэр эрхлэгчидтэй хамтран хийнэ. Цаашид нийслэл хотод хийх ажлыг хариуцах "Шуурхай удирдлагын төв"-ийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дэргэд байгуулж байгаа. Энэ төв нь өвөл, зунгүй хотын тохижилт, үйлчилгээг хариуцах юм. Цаашдаа нэг нь хотоо цэвэрлэж, нөгөө нь хог хаядаг байж болохгүй. Тиймээс хоггүй, тоосжилтгүй, цэвэрхэн,тохилог хотод амьдрахын төлөө иргэн бүр чин сэтгэлээсээ өөрсдийн хувь нэмрээ оруулаасай гэж хүсч байна.

Д.ЖАРГАЛ


0 comments:

Post a Comment