Monday, April 22, 2013

МИАТ-ийн хэргийг Прокурорт шилжүүллээ

Дайны эрсдэлийн даатгалын сан нэрээр их хэмжээний мөнгийг гадаадын улс руу  шилжүүлж мөнгө угаасан хэрэгт МИАТ-ийн  зарим удирдлагуудыг шалгаж байгаа. Хэргийг УМБГ-т шалгаж дуусаад өнөөдөр нийслэлийн Прокурорын хяналтад шилжүүлжээ. Уг хэрэгт сэжигтнээр татагдсан гүйцэтгэх захирал асан Ц.Орхоны өмгөөлөгч Ц.Монгол хэргийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ц.Орхоныг хэргийн гол буруутан мэтээр мэдээлж байгаад харамсч байна. Ц.Орхоны хувьд 2010 оны тавдугаар сарын 2-нд ажлаа аваад долдугаар сард ажлын хэсэг гаргаж, Дайны эрсдэлийн даатгалын сан нэрээр мөнгө гаргаж байсан үйлдлийг  таслан зогсоож, гэрээг цуцалсан. Ингэснээр гадагшаа урсах байсан дөрвөн тэрбум төгрөгийг МИАТ-ийн орлого болгосон. Гэрээг цуцлах хүртэл гурван сарын хугацаа зарцуулсан бөгөөд энэ хугацаанд шилжүүлэг хийсэн үйлдэл нь гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй" гэсэн юм.

Мөн түүний эхнэр Ү.Цэцэгмаа 2002 онд компани байгуулах зорилгоор нээсэн дансыг энэ хэрэгт холбогдуулан шалгаснаас өөр оролцоо байхгүй гэв. Компани байгуулахаар нээсэн дансаар нэг ч төгрөгийн орлого шилжүүлэг хийгдээгүй гэх тайлбар хийлээ.

Одоогоор тэдэнд эрүүгийн хуулийн 150.3 буюу байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэгдсэн этгээд завшиж үрэгдүүлсэн, онц их хэмжээний хохирол учруулсан, 166.1 буюу мөнгө угаасан гэх үндэслэлүүдээр буруутгаж байгаа юм байна.

Гүйцэтгэх  захирал асан Ц.Орхоны хувьд 2012 оны 11 дүгээр сард УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр "МИАТ"-ийн алдагдалтай үйл ажиллагааны талаар тайлагнасныхаа маргааш ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч байжээ.

Харин ТӨХ болон МИАТ-ийн ТУЗ түүний оронд Гавьяат нисгэгч Г.Жаргалсайханыг томилсон бол Ц.Орхон захирал "Томас Эйр" компанийн захирлаар очсон байна.

С.ОТГОНСҮРЭН

0 comments:

Post a Comment