Петр Лоханен: Монголын Засгийн газар иргэн бүртээ цахим үнэмлэх өгсөн нь зоригтой, алсыг харсан алхам юм
Монгол Улсын иргэний үнэмлэхийг цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр бүрэн хэрэгжиж, өнөөдөр иргэн бүр ухаалаг үнэмлэхтэй болсон. Энэхүү төслийг дэлхийн олон улс оронд хэрэгжүүлж нэвтрүүлсэн туршлагатай компани болох Францын "Жемальто" компанийн Төв азийн засгийн газрын хөтөлбөр хариуцсан Дэд Ерөнхийлөгч Арнауд Лауренс, Борлуулалтын өмнөх болон техникийн асуудал хариуцсан менежер Вилле Хухданпа, Засгийн газрын хөтөлбөр хариуцсан Борлуулалтын менежер Петр Лахонен нар Улаанбаатарт айлчлан ирж төслийн хэрэгжилтийн явцтай танилцан цаашид уг үнэмлэхний давуу талыг ашигласан хэрэглээний шийдлүүдийг яаж ашиглах, хэрхэн хөгжүүлэх талаар танилцуулга хийж байгаатай нь тааралдаж ярилцлага авсан юм.
Дашрамд хэлэхэд ирэх тавдугаар сард Турк улсад "Жемальто" компанийн Засгийн газрын хөтөлбөрийн хэрэглэгч нарын уламжлалт үзэсгэлэн яармаг болох юм. Уг үзэсгэлэн нь энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн улс орны төлөөлөгчид уригдаж Е-засаглалыг хэрхэн хөгжүүлж, хэрэгжүүлж байгаа талаар санал солилцож, туршлагаа хуваалцдаг бөгөөд манай улсаас "Иргэний цахим үнэмлэх шинэчлэх" төслийг амжилттай хэрэгжүүлсэн Бодь интернэшнл компанийн төлөөлөгчид урилгаар оролцох юм байна.
Цахим үнэмлэх хэвлэх ажлыг Засгийн газрын гэрээний дагуу гүйцэтгэсэн "Жемальто" компанийн мэргэжилтнүүд "Ухаалаг үнэмлэх дагаж шинэчлэл бий болох ёстой" гэж үзэж буй юм. "Жемальто" компанийн Төв азийн засгийн газрын хөтөлбөр хариуцсан Дэд Ерөнхийлөгч Арнауд Лауренс, Борлуулалтын өмнөх болон техникийн асуудал хариуцсан менежер Вилле Хухданпа, Засгийн газрын хөтөлбөр хариуцсан Борлуулалтын менежер Петр Лахонен нар цахим үнэмлэхний хэрэглээний талаар дараах боломжуудыг онцоллоо.
Петр Лоханен: Ухаалаг үнэмлэх дагаж шинэчлэл бий болох ёстой
-Төрөөс иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээг хялбаршуулахад цахим үнэмлэх тун ач холбогдолтой. Гэхдээ цахим үнэмлэхийг ийм байдлаар ашиглахын тулд юуны өмнө хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай байдаг. Энэ хүрээнд нэгдүгээрт, цахим үнэмлэхний хэрэглээ, ашиглалтыг албан ёсны болгох, хоёрдугаарт, цахим үнэмлэхийг юунд яаж ашиглах талаар тодорхой болгох, гуравдугаарт, цахим үнэмлэх ашиглан төрийн үйлчилгээг хүргэх байгууллагуудад иргэний мэдээлэлд нэвтрэх эрх, хил хязгаарыг нь хууль, эрх зүйн баримтаар тодорхой зааж өгч албажуулах шаардлагатай. Жишээлбэл, татварын байгууллага тухайн иргэний мэдээллийн сангийн аль хэсэг рүү нэвтрэх юм бэ? Эрүүл мэндийн байгууллага аль хэсгийг нь ашиглах ёстой юм бэ гэдгийг хууль, эрх зүйн хүрээнд тодорхой тогтоох ёстой байдаг. Ингэснээр иргэний мэдээллийн нууцлал хадгалагдаж чадна. "Жемальто" компани нь цахим үнэмлэх хэвлэхээс гадна хэрэглээнд хэрхэн ашиглах талаар менежмент хийдэг, программыг нь боловсруулдаг урт хугацааны туршлагатай. Үүндээ тулгуурлан дээрх зөвлөгөөг өгч чадах байна. Монгол Улсын иргэний үнэмлэх нь дэлхийн олон оронд хэрэглэгдэж байгаа электрон бичиг баримтын жишигт нийцсэн үнэмлэх. Тийм учраас энэ бүх давуу талыг хэрэглээндээ ашиглах нь тун чухал юм. Цаашид танай улсын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах хүсэлтэй байна.
-Манай улсын Засгийн газрын төвшинд та бүхний энэ санал, санаачилгыг хэр хүлээж авч байна вэ?
-Монголчууд цахим үнэмлэх дагасан шинэ боломж, үйлчилгээний талаар төдийлөн туршлагагүй хэрнээ иргэний үнэмлэхээ ухаалаг хэлбэрт шилжүүлэх шийдвэрийг зоригтой гаргаж чадсан. Цаашлаад иргэн бүртээ үнэмлэх хэвлүүлээд авчихсан нь ихээхэн эр зоригтой, алсыг харсан алхам гэдгийг онцолмоор байна. Зарим улс орон хүн амынхаа боломжтой, хүссэн хэсэгт нь л цахим үнэмлэх хэвлүүлдэг. Харин Монгол Улс иргэн бүртээ ийм үнэмлэх олгосноороо дараагийн шинэчлэлийн алхамд шилжих нөхцөлийг бүрдүүлж чадсан. Тийм учраас цаашдын хамтын ажиллагаа ирээдүйтэй гэдгийг ойлгож хүлээж авч байна.
-Монгол Улсын иргэний үнэмлэхэд өөрийн гэх онцлогуудаас гадна нууцлал хангах шинэлэг шийдлүүдтэй гэж та бүхэн ярьж байсан. Үүнийгээ тодруулахгүй юу?
-Монголын Засгийн газрын захиалгаар цахим үнэмлэх хэвлэх ажлыг бид амжилттай дуусгасан. Урьд өмнө ашиглаж байгаагүй шинэ шийдэл, дизайн бүхий аюулгүй байдал, нууцлалыг өндөр төвшинд хангасан цахим үнэмлэхний загвар гаргасандаа бид бүхэн баяртай байгаа. Үүний үр дүнд олон оронд хэрэглэж чадаагүй байгаа нууцлал, тоноглолтой, мөн нэвт гэрэлтдэг цонх бүхий өвөрмөц үнэмлэх хэвлэгдсэн. Нүдэнд ил харагдаж байгаа аюулгүй байдал, нууцлалын шинж тэмдгүүдээс гадна электрон нууцлалууд мөн бий. Өмнө нь хэрэглэж байсан болон хэрэглэж байгаагүй нууцлалын элементүүдийг Монголын иргэний үнэмлэх дээр ашигласан. Нэвт харагддаг цонхыг л гэхэд өмнө нь зөвхөн Шведийн жолооны үнэмлэхэн дээр ашиглаж байсан. Жил болгон тодорхой хэмжээгээр үйлдвэрлэж нийлүүлдэг. Харин энэ удаад нэвт харагддаг цонх бүхий үнэмлэхийг хоёр сая гаруй хувиар маш богино хугацаанд хэвлэснээрээ онцлог байлаа. Өмнө нь ийм олон хувиар хэвлэж байгаагүй.
Арнауд Лауренс: ID үнэмлэхийг хэрэглэх дэд бүтэц чухал
-Цахим үнэмлэхийг төрийн үйлчилгээнд ашиглахын тулд интернетийн орчин хамгийн чухал. Мөн PKI хэмээх нууцлалын систем байдаг. Энэхүү нууцлалын системгүйгээр цахим үнэмлэхийг хэрэглээнд оруулбал ухаалаг үнэмлэхний маань утга учир нь алдагдана. Тэгэхээрээ юуны өмнө дэд бүтэц талаасаа интернэт орчин, нууцлалын систем чухал юм.
Ухаалаг үнэмлэхийг төрийн үйлчилгээндээ төгс ашигладаг ямар улс орон байна вэ. Бидэнд туршлагаа хуваалцах тийм улс орон олон бий юү?
- Монголын хувьд иргэний ID үнэмлэхний боломжууд нь E-засаглалын үйлчилгээг нэвтрүүлэх бааз суурь болж чадна. Өнөөдрийн байдлаар Бельги, Португали зэрэг улс E-засаглалыг амжилттай нэвтрүүлсэн. Балтийн орнууд гэхэд насанд хүрээгүй иргэддээ хүртэл электрон үнэмлэх олгодог, нэлээн эртнээс хэрэглээнд нэвтрүүлсэн туршлагатай. Хүүхэд, хөгшид гэхчлэн хүн амын тодорхой хэсэгт чиглэсэн үйлчилгээндээ энэ үнэмлэхийг ашигладаг. Мөн интернэтэд суурилсан үйлчилгээг иргэний үнэмлэхээрээ авдаг гэхчлэн улс орон бүр иргэдийн хүсэл, хэрэгцээг харгалзсан олон янзын үйлчилгээнд ашигладаг. Турк гэхэд л хамгийн түрүүнд эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээндээ ашигласан.
-Банк болон бизнесийн байгууллагууд харилцагчид хандсан үйлчилгээндээ цахим үнэмлэхийг ашиглах боломжтой юу?
-Энэ тохиолдолд бизнесийн сектор болон төрийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоо сайтай ажиллаж байж үр дүнд хүрнэ. Амжилтад хүрсэн түүх ч бий, эрсдэлд хүрсэн түүх ч бий. Хувийн бизнесийн байгууллагын сонирхол төрийнхөөс өөр байдагт гол учир бий. Европын улсуудын жишээнээс харахад банк л гэхэд хувь харилцагчдаа бусад банкныхаас илүү үйлчилгээ хүргэх сонирхолтой байхад төрийн үйлчилгээ хүн бүрийг эрх тэгш авч үзэх сонирхолтой. Эдгээрийг нэгтгэх боломж бас бий л дээ. Иргэд өөрсдөө хүсэх юм бол боломжийг нь бий болгож болно. Улс орнуудын туршлагаас харахад иргэний ID үнэмлэх ямар чухал хэрэгтэйг ойлгуулах, сурталчлах талаар Засгийн газар санаачилгатай ажиллах хэрэгтэй байдаг. Монголчууд энэ үнэмлэхээ сонгуулийн санал хураалтад л нэг удаа ашигласан. Одоо асуудал ID үнэмлэхэндээ биш энэ үнэмлэхийг хэрэглээнд хэрхэн нэвтрүүлэх талаар шийдвэртэй алхамууд хийх хэрэгтэй. Мөн яаж хэрэглэх талаар иргэдэд сайн ойлголт хүргэхдээ анхаарах нь чухал юм.
0 comments:
Post a Comment