Wednesday, April 17, 2013

Эрх зүйн баримт бичгийн эмхтгэл хэвлэгдлээ

Улсын Дээд шүүхийн шүүгчид, Шинжлэх ухааны академийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэн, Монгол Улсын Их сургуулийн Харьцуулсан эрх зүй, Олон улсын эрх зүйн судалгааны төв хамтран "Эрүүгийн хэрэг", "Захиргааны хэрэг" эрх зүйн баримт бичгийн эмхтгэлийг хэвлэн гаргалаа.

Тус бүтээлийг эмхтгэгчид өмнө нь шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын хүрээнд дагаж мөрддөг, хэрэглэдэг хуулийг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн болон Улсын Дээд шүүхээс гаргасан албан ёсны тайлбартайгаар төрөлжүүлэн цувралаар, мөн нэгтгэсэн хэлбэрээр хоёр удаа эрхлэн гаргасан юм. Харин энэ удаад албан ёсны тайлбараас гадна эрх бүхий албаны тушаалтнаас гаргасан заавар, зөвлөмжөөр өргөжүүлэн эрүү, иргэн, захиргааны хэргээр нь төрөлжүүлэн цувралаар хүргэж байгаа аж. Тухайлбал, "Эрүүгийн хэрэг" гэсэн эмхтгэлд Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шууд хамааралтай Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, Улсын Дээд шүүхийн тогтоолоор баталсан тайлбар, мөн зөвлөмж, түүнчлэн хэргийг хянан шийдвэрлэх, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихтай холбогдуулан Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Хууль зүйн сайд болон бусад сайдаас дангаараа болон бусадтай хамтран баталсан эрх зүйн хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг нэгтгэн оруулжээ.

Харин "Захиргааны хэрэг" эмхтгэлд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Төрийн албаны тухай хуульд шууд хамааралтай эрх зүйн баримт бичгүүд болон Шүүхийн тухай багц хуулиудад багтах 6 хуулийг нэгтгэн оруулсан байна.

Эдгээр эмхтгэлүүд нь эрх зүйн баримт бичгүүдийн анхны бүрэн хэмжээний эмхтгэл бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийт оролцогч, эрдэмтэн, судлаачид, оюутан, хууль санаачлагч, хууль тогтоогчид шууд ашиглах боломжтой. Түүнчлэн иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд ч ач холбогдолтой юм.

0 comments:

Post a Comment