Wednesday, April 17, 2013

"Нийслэлээ тэр чигээр нь ногооруулахыг хүссэн"

"Нийслэлээ тэр чигээр нь ногооруулахыг хүссэн"

Жилийн дөрвөн улиралд мод, цэцэг ургуулдаг Ц.Баяр гэдэг эмэгтэйтэй нийслэл дэх өвлийн хүлэмжинд нь уулзлаа. Түүний хүлэмжинд ороход цэцэгт ногоон ойд очихсон юм шиг сэтгэгдэл төрсөн. Тэнд 22 нэр төрлийн цэцэг, амтат гүзээлзгэнэ, тарваснаас эхлээд олон төрлийн жимс алаглана. Мөн улаан лооль, өргөст хэмх ургаж байв. Хаврын тариалалтын цаг болж байгаа учир үрсэлгээ, цэцэг худалдаж авах гэсэн хүмүүс тасардаггүй аж. Түүнтэй хэдэн хором ярилцах хооронд утас нь хэчнээн ч дуугарав. Үнэхээр түүний ажил олонд эрэлттэй байгаа нь харагдсан. Аливаа хүн мэргэшсэн ажлаа хийж чадаж байгаагийн бахархах жишээг Баяраас харж болохоор санагдлаа. Тэрбээр "Би Хэнтий аймгийн Дадал суманд ой модтой газар төрж өссөн болохоор энэ ажилдаа дуртай байдаг. Даанч газар олдохгүй юм. Газар нь байвал нийслэлээ тэр чигээр нь ногооруулмаар санагддаг" гэж ярих нь үнэхээр бахархмаар. 1981 онд ХААИС-ийг нөхөн сэргээлтийн агрономич мэргэжлээр төгссөн гэнэ. Төгссөн цагаасаа Соёолжид мастер, технологи, ахлах инженерээр 30 гаруй жил ажиллаж мэргэжилдээ эзэн болж чаджээ. 1997 оноос их сургуулийн ангийнхаа хоёр найзтайгаа хамтран цэцэрлэгжилт, хот тохижилт, мод үржүүлгийн чиглэлээр ажиллажээ. Иргэд аж ахуйн нэгжүүдэд төрөл бүрийн мод, бут сөөг, цэцэг, нарийн ногооны үрсэлгээ өгч, захиалгаар нийлүүлж иржээ. Өмнө нь түүний найз Ж.Цэцэгмаа нь үр тариагаар, Ч.Чанцалдулам нь цэцгээр, өөрөө модны үрсэлгээгээр дагнан ажиллаж байж. Одоо Ч.Чанцалдулам нь Архангай аймагт мод үржүүлж, Ж.Цэцэгмаа нь хүнсний ногоо тариалж байгаа гэнэ. Ц.Баяр Бэлхэд дөрвөн га газарт төрөл бүрийн ногоо тариалж, нарийн ногооны үрсэлгээ хийж байна. Мөн Налайхад хар мод, чацаргана гээд 20 гаруй нэр төрлийн мод, бут сөөг үрслүүлдэг аж. Цагаан хусыг үрсэлгээгээр ургуулсан нь үр дүнгээ өгч, түүндээ ихээхэн сэтгэл хангалуун явдаг гэнэ. Нийслэлээ ногоон хот болгохыг зорьж хуйлдаг зүлэг ургуулсан нь олны хүртээл болж одоо л үр дүнгээ өгөх нь гэсэн. Түүгээр ч зогсохгүй гаднаас арцны үр оруулж ирж нутагшуулжээ. Модны үржүүлэг гурван жилийн дараа ашгаа өгдөг зардал ихтэй гэж ярина билээ. Тэрбээр хүлэмжийн материалыг гаднаас оруулж ирж төрөл бүрийн хүлэмжийг захиалгаар хийж өгдөг юм байна. Саяхан Дархан, Эрдэнэтээс захиалга ирээд ажилтай байгаагаа ярьж байсан.

Улс орондоо ашигтай, иргэдийнхээ амьжиргаанд тус дэм болох, хойч үеийнхэндээ ургамал, ногоогоо ингэж ургуулж болдгийг харуулж, сургахыг хичээдэг. Улсаас тусламж дэмжлэг авахыг хүсдэг ч бүтдэггүй. Тэгсэн хэрнээ элдэв арга хэмжээнд дүүрэг, хороогоо төлөөлж оролц гэхийг нь яана гэж ярьсан. Жилд улирлын чанартай 20-30 хүн авч ажиллуулдаг, ихэнхдээ ах дүүсийнхээ хүүхдүүдийг л дэмждэг дээ гэнэ билээ. Ц.Баяр саяхан найз нартайгаа Герман, Бельги зэрэг хэд хэдэн орноор явж туршлага судлаад иржээ. Мөн Бээжинд болсон олон улсын хөдөө аж ахуйн үзэсгэлэнг үзээд ирсэн гэнэ. Тарьж ургуулна гэдэг амсхийх зав бага гаргадаг хэрнээ ургасных нь дараа сэтгэл сэргээдэг хэмээн ярив. Арчилж чадвал монгол нутгийн хөрсөнд ургаж болох олон төрлийн жимс ургамал бий. Харин түүнийг үр хүүхэд шигээ нандигнан арчилж ургуулах хэрэгтэй гэж ярив.
 

ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ЦЭЦЭГ

 
Тэрбээр өөрийнхөө эрхэмлэн тарьдаг Цахирмаа цэцгийг танилцуулсан юм. Цахирмааг эмэгтэй хүний цэцэг гэдэг. Дөнгөж цэцэглэж, булцуунаасаа дэлбээлж буй цахирмааг харсан бүсгүй тэр жилдээ азтай байдаг гэлцдэг. Цахирмааг зөвхөн үүрээр дэлбээлдэг болохоор тэр торгон агшныг алдалгүй олж харахад жаахан хэцүү аж. Энэ цэцгийг эмэгтэйчүүд албан тасалгаандаа эсвэл галын өрөөндөө тарихад тохиромжтой. Өөдрөг өнгөлөг цэцэг гэнэ. Хүн ямар нэгэн мод. цэцэг тарьж ургуулах нь өөртөө асар их буян хурааж байгаагийн илрэл гэх хэлдэг дээ. Түүний давчуухан хүлэмжинд Тасалгааны час улаан сарнай ургадаг гэнэ. Ургангуут нь хүмүүс ирж авчихаад болохгүй юм. Байсан бол үзүүлэх байлаа гэлээ. Тасалгаанд тарьж ургуулахад нэн тохиромжтой Тасалгааны сарнай нь олон наст бутлаг ургамал аж. Нэг ишнээс 5-6 салаа мөчир гарч мөчир тус бүрээс улаан сарнай ургадаг юм байна. Тэр сарнай өрөөний агаар цэвэршүүлж, хүрээлэн байгаа орчиндоо өнгө үзэмж, сайн энергийг тарааж байдаг аж. Ийнхүү түүний хүлэмжинд сайн энерги, цэцэгсийн сайхан үнэрийг мэдэрч болох ажээ. Тариалж байгаа мод ургамал бүхэн өөрийн онцлогтой. Сайн үрнээс сайн ургамал ургуулна гэсэн уриатай ажилладаг гэсэн. Тэрбээр хэлэхдээ "Ихэнх хүмүүс мод цэцэг, ногоог амжилттай ургуулж байгаа хүнийг хараад ямар нэгэн арга байна гэж боддог. Та ямар нэгэн ургамал сайн тариалахыг хүсвэл тэр ургамлаа хэзээ ч хуурч болохгүй. Ургамалтай дүрмээр нь харьцах ёстой. Цэцэг ургамлын бизнес бол бусад бизнесээс өөр олон онцлогтой. Хүссэн хүн болгон үүнийг хийж ашиг олно гэвэл хүндрэлтэй. Үүнийг хийе гэсэн хүн бүхий л сэтгэлээ зориулж, өргөн мэдлэгтэй байх ёстой. Түүнээс биш хэн нэгэн хүн түр зуурын ашиг олох гэх нь боломжгүй зүйл" гэж захисан. Ц.Баяр цаашдаа гадны хэд хэдэн мод ургамал авч ирж эх нутгийнхаа хөрсөнд ургуулан нутагшуулах зорилготой байгаа юм билээ. Хөвч тайгын дундаас цэцэгсийн сайхныг мэдэрч, ХААИС-аас мэргэжлээ сонгосон Ц.Баярыг амьдралаа цэцэрлэгт өнгөрүүлж яваа нэгэн гэж хэлж болохоор. Тэрбээр тасалгаагаа цэцэгжүүлж, нийслэлээ ногоон хот болгохын төлөө зорьж явна.
Н.ЛХАГВАСҮРЭН

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин


0 comments:

Post a Comment