Sunday, April 14, 2013

Д.Батхуяг нарыг шүүх хурал болно

Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно. Ашигт малтмалын газар /АМГ/-ын дарга асан Д.Батхуяг, АМГ-ын Геологи, Уул, уурхайн кадастрын дарга Т.Даваацогт, Д.Батхуягийн найз, "Зэлэм" компанийн захирал н.Жаргалсайхан, н.Бат-Ирээдүй нарын хэргийг өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн шүүхэд гурав хоногийн турш хэлэлцэж, Д.Батхуягт 6.6 жил, Т.Даваацогтод зургаан жил, н.Жаргалсайхан, н.Бат-Ирээдүй нарт тус тус 5.1 жилийн ял оноосон билээ.

Хэргийг сануулахад, Д.Батхуяг, Л.Даваацогт нар нь бүлэглэн 2009, 2010 онд эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, сонгон шалгаруулалтаар олгох ёстой нийт 108 ширхэг тусгай зөвшөөрлийг бусдад сонгон шалгаруулалтгүйгээр олгож, төрийн байгууллагын хуулиар хамгаалагдсан эрх ашигт хүнд хор уршиг учруулсан хэрэгт буруутгагдаж буй юм.

Мөн С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нартай бүлэглэн "Саусгоби сэндс" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын дөрвөн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар цуцлах тухай дүгнэлт гарсан байхад цуцлах үүргээ хэрэгжүүлэлгүй, тус компанийн ашиг сонирхлын үүднээс үүссэн нөхцөл байдлыг ашиглан хясан боогдуулах замаар тусгай зөвшөөрлийг сэргээж, С.Жаргалсайханд, "Зэлэм" ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн хээл хахууль авсан гэмт хэрэгт тус тус буруутгагдсан юм.

Д.ЖАРГАЛ

0 comments:

Post a Comment