Бие биедээ бурууг чихсээр суух уу?
Гэхдээ энэ хэсэгт газрын үнэлгээ тэнгэрт хаджээ. Иргэдийн хувьд хашааны газраа 50-60 сая төгрөгөөр үнэлээд байгаа бол аж ахуйн нэгжүүдийн хувьд 6 тэрбум төгрөг шаардаж буй нь бас үнэн аж. Уг нь бол нэг их хүний нүд унаад байх газар биш боловч нэгдүгээрт Дулааны станц баригдах онцгой бүс болж хувирсан, хоёрдугаарт иргэн, аж ахуйн нэгжийн амьжиргааны эх үүсвэр болсон газар гэдэг утгаараа ийн үнэлгээ өсчээ. Үгүй тэгээд иргэдийн хувьд газраа чөлөөллөө гэхэд хаашаа ч очиж амьдрах билээ, ядаж л хоёр өрөө хуучин байрны үнэтэй салъя гэж бодож байгааг буруутгах аргагүй. Ёстой нэг "ацан шалаа" гэгч л болоод байна.
Одоо яах вэ?
Газар чөлөөлөх асуудалд талууд тохиролцоонд хүрэхгүйгээр "Амгалан" дулааны станц баригдах боломжгүй. Тиймээс эхний ээлжинд эдгээр өрх, аж ахуйн нэгжид одоо байгаа газраас нь дутахгүй газрыг санал болгоод, нөхөн төлбөрийг нь өгвөл ойлголцолд хүрэх гарц харагдана. Гол нь газрын үнэлгээ зах зээлийн бодит үнийг барих ёстой. Түүнээс нэг нь эрэлт байгааг далимдуулж газраа хэт өндрөөр үнэлдэг, нөгөө нь эрх мэдлээр далайлган бусдын хөрөнгийг хэт бага үнээр авахыг санаархдаг байж болохгүй. Хэн хэн нь бие биедээ хүндэтгэлтэй хандаж, хөгжлийнхөө төлөө урагшаа харах ёстой. Үүний тулд иргэн ч тэр, аж ахуйн нэгж ч тэр үүрэг хүлээж нийтийн эрх ашгийн төлөө чөдөр болж суух ёсгүй. Хэр хурдан газраа чөлөөлж өгнө тэр хэрээр ажил хүлээгдэж цаг алдалгүйгээр урагшлах ёстой. Үүний тулд Эрчим хүчний яам болон хотын захиргаа "Амгалан" дулааны станц барих ажилд далайцтай орохгүй бол намар болж өвөл ирэхэд бас л газар чөлөөлөлтийн тухай дуусдаггүй үлгэртэйгээ сууж байвал дараа жилийн хавар бас л газар чөлөөлөлтийн тухай явган хэрүүлтэйгээ сууж байна гэсэн үг.
Энэ нь Засгийн газар, хот хоёр одоо л хөдлөх ёстойг сануулсан хэрэг. Хурдтай ажиллахгүй бол яг МАН-ынхан Засаг барьж байсан үеийнх шиг наазгай байдалд шилжих нь. Тус хүчнийг Засгийн эрх барьж байх үед Тавдугаар цахилгаан станцын тухай асуудал яригдсан ч шав нь тавигдалгүй явсаар долоон жилийг ардаа хийсэн. Одоо уг станцыг барих ажлыг ч шуурхайлах болж... Анхны хувилбараар бол Дулааны V цахилгаан станцыг тусад нь барихаар төлөвлөсөн ч газар олдохгүй явсаар Дулааны III цахилгаан станцыг V болгож шинэчлэн барихаар өмнөх Засгийн газрын үед шийдвэр гаргаж байв. Гэсэн ч бүтэлтэй зүйл болоогүй. Харин хамгийн сүүлд энэ өвөл Н.Алтанхуягийн танхимаас Хөлийн голд тус станцыг барихаар шийдвэр гарсан ч Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гарахыг хүлээж суугаа сураг сонстов. Хэдий болтол хүлээж цаг алдах гэж... Хаа, хаанаа асуудлыг хурдтай шийдээд ажиллахгүй бол улс орны хөгжил, бүтээн байгуулалт шинэ дулааны цахилгааны эх үүсвэр шаардаж боллоо. Мөдхөн нийслэлийн гэр хорооллыг хаус хороолол болгох, улсын хэмжээнд 100 мянган айлын орон сууц барьж ашиглалтад орох, Сайншандын аж үйлдвэр баригдах, ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрүүд ашиглалтад ороход, шинэ төмөр зам, шинэ шинэ үйлдвэр, сургууль цэцэрлэг, эмнэлэг баригдаж ашиглалтад ороход эрчим хүч, дулааны станц шаардах болно. Монгол Улс олуулаа болж 3 сая хүрэхэд ч энэхүү Иличийн гэрэл хэрэгтэй. Газраа чөлөөлье, нийслэлчүүд ээ.
Г.ДАРЬ
0 comments:
Post a Comment