"Дайны эрсдлийн сан" гэх нэрийдлээр зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан гэх хэрэгт буруутгагдаж буй МИАТ компанийн хуучин удирдлагууд, тэдний хамсаатнуудад холбогдох хэргийн Шүүх хурал өнөөдөр 461 дүгээр ангид болохоор товлогдоод байгаа. Шүүх хурал долоо хоногийн өмнө болсон ч шүүгчдэгч Ч.Хоролсүрэн хоёр өмгөөлөгчөө сольсон тул хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж амжаагүй гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшилсон юм.
Шүүх хуралд шүүгдэгчээр 2006-2011 оны хооронд МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү "Монголиан Эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд "Голомт" банкны 6-р салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нар оролцох юм.
Харин уг хэрэгт нэр холбогдоод байсан Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын хэргийг нотлох баримтаар тогтоогдоогүй хэмээн үзэж, прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн.
Түүнчлэн энэ хэрэгт холбогдоод байгаа нөлөө бүхий хүмүүсийн нэг болох ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн гишүүн Д.Сугар болон Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, Япон дахь "Вест вельф" гэх зохиомол компанийг үүсгэн байгуулсан хэрэгт холбогдсон Н.Галт нарын хэргийг тусгаарлаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.
Б.ЭНХ
0 comments:
Post a Comment