Tuesday, June 25, 2013

Төрийн газрыг бидэнд буцааж өгнө үү

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар /тухайн үеийн нийслэлийн Газрын алба/ хамтран хууль бусаар олгосон, хоёроос дээш ашиглаагүй, зориулалтын бусаар ашиглахыг завдсан гэх нийт 145 байгууллага, хувь хүний газар эзэмших эрхийг хүчингүй болгож, цуцалсан. Ийнхүү цэцэрлэгт хүрээлэн, явган хүний зам, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, тоглоомын талбай, инженерийн шугам сүлжээ, ундны эх үүсгэврийн додоод мужид хамаарах газруудыг эзэмшсэн гэх захирамжуудыг цуцалж, газраа төр буцаан авах шийдвэр гаргаад даруй хагас жил өнгөрч байна. Манай редакциас "Эзэнгүй хашааны эзэн олдлоо" цуврал сурвалжлага бэлтгэн хүргэж байсныг уншигч та санаж буй биз ээ. Бидний хөндөж, эзнийг нь эрэн сурвалжилсан хашаанууд бүгд энэ шийдвэрт хамаарч, улсын өмчид үлдэх болсныг онцолж байна.

Хууль бусаар олгогдсон, хууль зөрчин эзэмшиж байгаа гэх эдгээр газрыг хураан авах шийдвэр гараад даруй хагас жил өнгөрч байгаа ч төр мэдэлдээ буцаан авсан нь ердөө ганцхан газар /"CH трейд" компанийн эзэмшиж байсан Залуучуудын соёлын төвийн урдах цэцэрлэгт хүрээлэн/ байна. Учир нь дээрхи 145 газрын 40 орчим газрыг эзэмшигч этгээдүүд нь төрийн шийдвэрийг эсэргүүцэж, нийслэлийн Өмчийн харилцааны газрын эсэрэг шүүхэд гомдол гаргаж, заргалдаж эхлээд байгаа гэнэ. Нөгөө талаас хууль бусаар өмчилсөн газрыг чөлөөлөх үүрэгтэй нийслэлийн Өмчийн харилцааны газрын ажилтнууд ажилдаа хойрго хандаж байгаа бололтой. 

Ингээд Захиргааны хэргийн шүүхэд төрийн шийдвэрийг эс зөвшөөрч, төрийн шийдвэрийн эсрэг заргалдаж байгаа гэх эдгээр газраас хоёр газрыг онцлон хүргэе.



Арслантай гүүрний баруун урд буюу Нэгдүгээр амаржих газрын үүдэнд өвгөн улиаснуудыг өнгө муутай саарал хашаа эзлэн аваад гурван жил өнгөрч байна. Нийт 3145 метр квадрат бүхий энэ цэцэрлэгт хүрээлэнг Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Мөнхбаярын 2011 оны наймдугаар сарын 02-ны 582 тоот тушаалаар "Ремиф" ХХК- эзэмшүүлсэн байдаг. Хэдийгээр эхний удаад таван жилийн хугацаатай эзэмших эрхийг өгсөн ч зочид буудал, үйлчилгээний зориулалтаар барилга сүндэрлэсэн бол "үүрд" "Ремиф" компанийн эзэмшилд үлдэх байсан биз. Үнэндээ энэ газар нь нийтийн эзэмшилийн зам талбай тул НЗДТГ, Нийслэлийн Өмчийн харилцааны газартай хамтран энэ газрын эзэмших эрхийг төр мэдэлдээ буцаан авахаар болсон. Гэтэл "Ремиф" компанийнхан "Энэ газар нь нийтийн эзэмшлийн талбай байх учиргүй. Бид энэ газар зочид буудал нэг барина" хэмээн зүтгэж, Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад удаагүй байгаа аж. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт оюутны хотхоны хөрш байсан энэхүү цэцэрлэгт хүрээлэнд залуус болзон, ээжүүд балчир үрсээ салхилуулан, шинэхэн мэндлэх үрээ сэтгэл догдлон хүлээж суудаг тийм л цэцэрлэг байсан сан. Энэхүү сайхан дурсамжийг бидэнд үлдээн, бидэнд салхилах, амрах, гишгэх газар, цэцэрлэгт хүрээлэнг минь үлдээж ухамсраараа шүүхээс заргаа татан авахыг "Ремиф" ХХК-ийн захирал, Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар таниас хүсье.


Төрийн газар эзэн суучихаад өндийж өгөхгүй байгаа дараагийн компани бол "Макс Импекс" ХХК юм. Төв шуудангийн чанх баруунтаа хоосон газрын С.Нямдаваагийн нэр дээр 1998 онд зочид буудлын зориулалтаар барилга барина гэж эзэмшилдээ авсан "Макс импекс"-ийнхэн бас л төрийн шийдвэрийг эсэргүүцэн, шүүхэд зарга мэдүүлээд байгаа гэнэ. Тухайн үеийн нийслэлийн Газрын албанаас "15 жилийн турш барилга барих нь бүү хэл газрыг нь хөндөөгүй" гэх үндэслэлээр газрыг эзэмших эрхийг цуцалсан. Гэтэл "Макс импекс"-ийн гаргасан Захиргааны хэргийн шүүхэд өгсөн гомдолд "Энэ газрыг хоёр жил ашиглаагүй гэдэг нь ор үндэслэлгүй. Эзэмшиж авсан 1998 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд бид барилга барих бэлтгэл, инженер шугам сүлжээний бэлтгэл ажлуудыг хийсээр ирсэн" гэжээ.

Ийнхүү эзэнгүй хашааны эрх мэдэл ихтэй эзэд эзэмшил газраа тийм амархан өгөхгүй нь бололтой. Гэвч "Нэгэнт хууль зөрчсөн нь баримттай, нотолгоотой тул Захиргааны хэргийн шүүхээс эдгээр газрыг эзэмших эрхийг цуцлах шийдвэрийг хэвээр үлдээх нь мэдээж. Газар эзэмшигч компаниуд зөвхөн цаг хожих гэж л шүүхэд гомдол гаргасан байх. Манай байгууллагад хангалттай баримт, өмгөөлөгч, хуульчдын баг ажиллаж байна" гэдгийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын эх сурвалжууд хэлж байсан юм.

Хууль зөрчсөн нь нэгэнт тодорхой болж, газар эзэмших эрх нь цуцлагдсан 145 газрын эзэд газраа хурдхан буцаан өгч иргэд нийтийн эзэмшлийн зам, талбайгаар чөлөөтэй алхаж, хүүхэд багачууд цэцэрлэг сургуулийн хашаандаа наадан тоглож, залуу хосууд цэцэрлэгт хүрээлэндээ болзох цаг удахгүй ирнэ гэдэгт найдъя.

Д.ЖАРГАЛСҮРЭН




0 comments:

Post a Comment